Ц.Ганзориг: Цаашид хэсэгчилсэн хөл хорио тогтоож тандалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 20:46:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, 34 салбарын үйл ажиллагааг даваа гарагаас нээхээр УОК шийдвэрлээд байна.

Хөл хориог ийнхүү ойр ойрхон тогтоож, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нээж, хааж байгаа нь иргэдэд ойлголтын зөрүү үүсгэж буйд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг тайлбар хийлээ.


“Засгийн газрын энэ сарын 4-ний тогтоол, УОК шийдвэрээр 1 дүгээр сарын 11 хүртэл БЗД эмнэлэг шиг олон зуун хүн хамарсан өргөн голомт үүсэж, газар авахгүй бол хүрээг нь тодорхойлоод, худалдаа үйлчилгээний салбараа шат дараатай нээж байгаа уян хатан шийдвэр" гэдгийг тэрбээр онцлоод, "БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн  голомт бүрэн хумигдсан. Цаашид халдварын шинэ голомт үүсэхэд УОК, Засгийн газар хэсэгчилсэн хөл хорио тогтоох байдлаар тандалт хийх нь үр дүнтэй гэж үзэж байгаа”-г тодотгосон юм.


Монгол Улсын дотоодод өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нд коронавирусний халдвар илрээд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг 12 дугаар сарын 14-нд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бууруулан, зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Энэ үед 6 аймгийн 9 сум, нийслэл Улаанбаатар хотод хэд хэдэн голомт бүхий халдвар илэрснийг хумьсан. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өнөөдөр 21 аймагт 28-аас дээш хоног халдвар илрээгүй тул энгийн амьдралд шилжсэн нь 2 сарын ажлын үр дүн гэдгийг өнөөдөр Засгийн газар, УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр тэрбээр мэдээлэв.


Улаанбаатар хотод 12 дугаар сарын 23-наас дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт маш том голомт гарсантай холбоотой. Дотоодод 1000 орчим хүн халдвар авсны 30 орчим хувь буюу 300 гаруй нь тус эмнэлгээс үүдэлтэй аж. 

Холбоотой мэдээ