Халдварын 7-8 дахь хоногт цээж хөндүүрлэх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-12 17:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед халуурсан хүмүүс эмнэлэгт их хандах болжээ. Тиймээс коронавируст халдварын үед илрэх шинж тэмдгийн тухай ЭМЯ-наас 16.00 цагт хийсэн мэдээллийн үеэр танилцууллаа.


ХӨСҮТ-ийн их эмч Г.Хонгорзул мэдээлэхдээ, “Коронавирусээр халдварласнаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоног гэж үзэж байгаа бол манай улсын иргэдэд дунджаар 4-5 хоног байна. Шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний 1-2 хоногт халуурах, хоолой хөндүүрлэх, дотор муухайрахаас гадна зарим үед суулгах зовуурь илэрнэ. Халдварын 3-4 дэх хоногт хоолой хөндүүрлэх, хоолой сөөх нь давамгайлна. Тав дахь хоногоос толгой эргэх, ядарч сульдах, халууны хэм нэмэгдэх бол 6 дахь хоногт хуурай ханиалга нь цэртэй ханиалгаар солигдоно. Харин 7-8 дахь хоногт цээжээр хөндүүрлэх, амьсгалах үед давчдах, цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байна” гэв.


Мөн тэрбээр эдгээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлгийн байгууллагад очилгүй ХӨСҮТ-ийн 119, 8008 6929 дугаарт хандаж зөвлөгөө авах боломжтой. Халуурсан иргэд эмнэлэгт их хандаж байна. Халуурсан бүхэн коронавируст халдвар биш. Яаран эмнэлэгт очсоноор халдвар авах эрсдэлийг илүү нэмэгдүүлнэ. Шинж тэмдэггүй өвчлөл бүртгэгдэж байна. Шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс халдвар их тарааж байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. Тиймээс иргэдийг гэрээсээ гаралгүй, халдварт өртөхөөс сэргийлэхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ