Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-01-14 16:26:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн бүтээсэн эсрэг бие илрүүлэх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бол одоо хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

 

Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг монголын эрдэмтэд зохион бүтээсэн юм.

 

“ЭЛИЗА” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусний халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусний тархалтыг судлах, хүн амын дундах дархлаа тогтолцоог хянах боломжтой болох юм. Энэхүү оношлуур гаргаж авах судалгааны ажлыг найман сарын хугацаанд хийжээ.

 

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич  Ц.Оюунсүрэн хэлэхдээ, “Энэхүү оношлуураар коронавируст халдвар аваад эдгэсэн хүмүүст вирусний эсрэг бие буюу дархлаа тогтсон эсэхийг үздэг юм. Оношлуурын мэдрэг чанар сайтай байгааг тодорхойлсон. Оношлуур гаргахдаа эхлээд 16 сая төгрөгийн санхүүжилт авсан. Дараагийн шатанд БШУЯ-наас 180 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгсөн. Одоо уг оношлуурыг Монгол Улсад хэрэглэж болно гэсэн зөвшөөрлийг баталгаажуулахаар ажиллаж байна” гэв.

 

БШУ-ны сайд Г.Цэдэвсүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар энэхүү оношлуур бүтээсэн эрдэмтдийн багийнхантай өнгөрсөн оны наймдугаар сард уулзах үеэр оношлуурыг цаашид эмнэлгийн практикт нэвтрүүлэхэд дэмжихээ илэрхийлж байсан юм.

Холбоотой мэдээ