С.Бямбацогт: Шүүгч хараат бус ажиллах боломж бүрдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хууль санаачлагч гишүүд мэдээлэв.
Засгийн газраас ноднин дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд дөрвөн сарын хугацаанд ажилласан Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын багт УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, "Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн нэг салаа мөчир буюу хууль шүүхийн засаглал, шударга ёсны үндэс. Шүүгч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Ингэснээр, Үндсэн хуульд хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн зарчим нээгдэж байна. Энэ мөчөөс эхлэн шүүгч эрх мэдэлтний нөлөө, дарамтад өртөх байдал эцэс болж байна" хэмээлээ.
Уг хуулиар шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор шүүгчид оноох 40 гаруй зөрчлийн тухай тусгасан байна. Ингэснээр, хариуцлага, ёс зүй алдсан шүүгчид хариуцлага тооцох Сахилгын хороо ажиллана гэдгийг С.Бямбацогт гишүүн тэмдэглэв.
Хуульд, ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тусгажээ.
Тухайлбал, ШЕЗ-ийн 10 гишүүнийг томилохдоо, тавыг нь шүүгчдээс, тавыг нь УИХ нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна. Харин ШЕЗ-ийн гишүүн нь эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хуульзүйн өндөр боловсролтой, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгажээ.
Үндсэн хуульд зааснаар, шүүх хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэсэн зарчим алдагдаж байсныг иргэд, олон нийт, тэр байтугай УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд хүлээн зөвшөөрч байсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэмдэглээд, Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагсаж байгаа нь гашуун үнэн буйг тодотгов. Тэрбээр, "Шүүхийн энэ гажуудлыг ердийн эм тариа, боолт хийгээд арилгаж чадахааргүй хэмжээнд хүрсэн гэж дүгнэж хүнд хагалгаа хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд Шүүхийн тухай хуулийг цогцоор нь иж бүрэн шинэчиллээ. Энэ утгаараа эл хуулийг шударга ёсны хувьсгал хэмээн үзэж байна. Гэхдээ энэ бол эхлэл, сайн хууль амилах эсэх нь 500 гаруй шүүгчээс хамаарна" хэмээв.