Аймгийн нийт нутгийн 61,0 хувьд зудын эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-16 10:37:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв зудын эрсдэлийг аймгийн нийт нутгийн 61,0 хувьд их, 34,0 хувьд нь дунд зэрэг байна гэж мэдээллээ.

Одоогоор Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан, Хангал сумын нутгаар 0-4 см зузаан тарлан цастай, бусад нутгаар битүү цасан бүрхүүлтэй байна. Гурванбулаг, Могод, Дашинчилэн суманд 8-10, Баяннуур, Рашаант, Тэшиг, Бугат, Булган суманд 5-7, бусад нутгаар 1-4 см зузаан цастай байна.

Ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн мэдээнээс үзвэл, баруун болон өмнө зүгийн суманд зуд нүүрлэх аюул байгаа аж. Тухайлбал Сайхан, Булган, Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумын нутгаар зудын эрсдэл нэн их, Хангал, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын ихэнх, Хутаг, Сэлэнгэ, Бугат, Баян-Агт сумын зарим багийн нутгаар эрсдэл ихтэй байна гэж үзжээ.

Холбоотой мэдээ