“CNBG”-ийн вакцин коронавирусний хувилбаруудаас хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-16 12:13:55

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Үндэсний биотехнологийн групп /CNBG/, “Sinopharm” компанийн гарган авсан идэвхгүй вакцин өргөн хүрээтэй бөгөөд коронавирусний өөр хувилбаруудаас хамгаална гэж “CNBG” группийн дарга Ян Шяомин мэдээлжээ.


“Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбар дээр хийж буй туршилт үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар сайн үр дүн үзүүлсэн” гэж Я.Шяомин саяхан “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтын урьдчилсан дүнгээр 79.34 хувийн үр дүн үзүүлсэн уг вакцинд БНХАУ нөхцөлтэйгээр зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг өнгөрсөн сард олгосон юм.


Я.Шяоминий мэдээлснээр, Хятадад дотооддоо гарган авсан вакцинаас 10 сая гаруй тунг тариад байгаа бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүст тарьсан хэсэг хөндүүрлэх, толгой, булчин өвдөх, халуурах зэрэг зовуурь илэрч байгаа ажээ.


CNBG”-ийн вакцины эхний тунг хийлгэснээс хойш 10 хоногийн дараа коронавирусний эсрэг биет үүсгэх чадвартай боловч эсрэг биетийн түвшин хүн бүрд өөр байгааг Я.Шяомин онцолжээ. Мөн хоёр дахь тунг тарьснаас 14 хоногийн дараа эсрэг биетийн түвшин хамгийн өндөр хэмжээнд хүрдэг байна.


Уг вакциныг хамгийн эхний бүлэгт найман сарын өмнө тарьсан бөгөөд одоог хүртэл үйлчилж байгаа юм байна. Одоогийн мэдээллээр, “CNBG”-ийн вакцин хамгийн багадаа зургаан сарын хамгаалалт үүсгэж байгаа бөгөөд вирусний халдвараас найм болон түүнээс дээш сараар хамгаалах эсэхийг мэргэжилтнүүд судалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ