ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод санхүүгийн дэмжлэг олгоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-18 12:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Барут Марк хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 48 мянга 201 еврогийн санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.

Уг хөрөнгөөр:

-"COVID-19" цар тахлын үед ажиллаж байгаа Мөрөн хотын захиргаа, эмнэлэг, цагдаа болон Онцгой байдлын албан хаагчдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах,

-Мөрөн хотын түргэн оношилгооны 6 хэсэгт зориулан 2000 оношлуур авах,

-Ариутгал, халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх,

-Цар тахлын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах, сурталчлан таниулах ажлыг өрнүүлэх аж.


Барут Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардуулсан байна. Тэрээр “2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойтойгоо золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн "Мөрөн хотын эко Эхчүүд“ төсөлтэй хамтран ажиллаж байгаа. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой  ажлууд хийхээр төлөвлөөд байна. Цаашид Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно” гэжээ.

Холбоотой мэдээ