УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-19 18:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх хуулийн хүрээнд УИХ-аар хууль, тогтоолын төсөл хэлэлцэх үе шатыг өөрчлөн, байнгын хорооны тоог нэмсэн. Энэ нь цөөхөн гишүүнтэй намын бүлэг бодлого боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд илтэд нөлөөлж байгаа аж. Одоогоор УИХ-ын 8 гишүүнтэй намын бүлгийн ажлын алба нийт 4 ажилтантай байгаа юм. Тиймээс бүлгийн ажлын албаны орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоох нь зөв хэмээн уг төслийг боловсруулснаа УИХ-ын гишүүн Д.Ганбат хэллээ.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөлд туссан “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо арван хоёроос доошгүй байна” гэдгийг нягталж, тооны хязгаарын асуудлыг эргэн харах нь зүйтээ хэмээсэн юм.


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар тогтов. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ