Жэк Ма 2020 оны 10 дугаар сараас хойш анх удаа олны өмнө гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-01-20 15:59:42

ШАНХАЙ. /TASS/.  Дэлхийд тэргүүлэгч цахим худалдааны компани болох “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма (Хятад нэр нь Ма Юнь) өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш анх удаа интернэтээр олны өмнө гарсан тухай "Ханъе куайбао", "Тяньму синьвэнь"  зэрэг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.


Жэк Ма улс орныхоо янз бүрийн бүс нутгийн хөдөө орон нутгийн 100 багштай видео холболтоор ярилцсан байна. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 20-нд тохиож байгаа Бурхан багшийн гэгээрлийн хутгийг олсон өдөр буюу Лаба баярыг тохиолдуулан багш нартай холбогдож ярилцжээ. 2015 оноос хойш жил бүрийн энэ өдөр Жэк Ма өмнөд нутгийн Хайнань мужийн хөдөө орон нутгийн багш нартай уулзаж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулж ирсэн байна. Энэ жилийн арга хэмжээг “COVID-19” цар тахлын улмаас онлайн хэлбэрт шилжүүлжээ. 


Дээрх мэдээллийн дараа “Alibaba” компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 9 гаруй хувиар өсөж, 267 хонконг доллартой тэнцсэн байна. 


Жэк Ма өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээс хойш олон нийтийн өмнө гараагүй  юм. Үүнтэй холбогдуулан түүнийг алга болсон гэх цуу яриа олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Шанхай хотод болсон арга хэмжээнд үг хэлэхдээ улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг ихээхэн шүүмжилсэн юм.


Өнгөрсөн оны сүүлчээр “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани болох “Ant Group”- ийн хувьцааг Шанхай, Хонконгийн биржүүд дээр байршуулах гэж байсан боловч Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооноос "санхүүгийн болон техникийн хяналтын нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан" хувьцаа гаргах үйл явцыг түр зогсоосон билээ. Үүнээс гадна, Хятадын Зах зээлийн хяналтын газар “Alibaba” компани монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгана гэдгээ өнгөрсөн мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ