Нийслэлд халдварын хоёр голомт идэвхтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-21 14:06:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэнээс хоёр нь идэвхтэй байна.


Эдгээр голомтоос хэчнээн хүн халдвар авсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

-Иргэн Д-гийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, нэг орцны, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол 

-Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол

-ЭС-ийн голомтоос гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд 58 тохиолдол

-БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос есөн байршилд нийт 387 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх голомтоос үүсэлтэй “Тэнүүн огоо”, ХСҮТ зэрэг гэр бүлийн хавьтлаар хэд, хэдэн шалтгаант голомт үүсэж 357 тохиолдол

-“Ачтан” эмнэлэгтэй холбоотой голомтоос дөрвөн байршилд 72 тохиолдол

-“Мөнххада” компаниас ажлын болон гэр бүлийн гэсэн хоёр байршилд 28 тохиолдол

-Баянгол дүүргийн таван орон сууцанд 16 тохиолдол

-Баянзүрх дүүргийн 17 дугаар хороотой холбоотой голомтот 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.


Тэрбээр мэдээлэлдээ, “Улаанбаатар хотод гарсан дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон. Сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй. Харин одоо Улаанбаатар хотод идэвхтэй байгаа хоёр голомт бий. Үүний нэг нь "Монос" компаниас үүсэлтэй голомт өндөр идэвхжилтэй байна. Тус голомтоос үүдэлтэй ажилтан, завсар хийж байсан хүн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна. Хоёр дахь нь, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомтоос ажилтан, гэр бүлийн хүмүүс нийтдээ 17 хүн халдварлаад байна. Сүүлийн олон тохиолдолтой холбоотой нийт ойрын хавьтал 1203, хоёрдогч хавьтал 4497 болсон. Голомтын хавьтлын тоо, өвчлөгчдийн тоо нэмэгдэх хэрээр халдвар улам нэмэгдэнэ. Тиймээс иргэд эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг мөрдөх нь зүйтэй. Тайвширч болохгүй. Нийслэлийн хүрээ хязгаар ихтэй голомтод аж төрж байгаагаа ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

 

 

 

Холбоотой мэдээ