Сүга Ёшихидэ Токиогийн Олимпыг аюулгүй зохион байгуулахыг зорьж байгаагаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-01-22 11:02:16

ТОКИО. /TASS/. Засгийн газар Токиогийн Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахыг урьдын адил эрмэлзсэн хэвээр байгаа бөгөөд нийслэлийн захиргаа, ОУОХ-той хамтран наадамд бэлтгэсээр байна гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.


“Олимпын наадам хүн төрөлхтний хувьд коронавирусийг ялсны бэлгэ тэмдэг болох ёстой. Бид наадмыг аюулгүй зохион байгуулах зорилгоор Токиогийн захиргаа болон ОУОХ-той нягт хамтран ажилласаар байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


ОУОХ-ны дарга Томас Бах пүрэв гарагт “Kyodo” агентлагт ярилцлага өгөхдөө Токиогийн Олимпын наадмыг дахин хойшлуулах эсвэл цуцлах боломжийг үгүйсгэсэн байна. Тэрбээр "оролцогчдын аюулгүй байдал" зохион байгуулагчдын хувьд нэн тэргүүний зорилт хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Бах мөн Олимпын үзэгчдийн тоог цөөрүүлэх, үзэгчидгүйгээр зохион байгуулах боломжийг үгүйсгээгүй байна.


Үүний дараа “Times” сонин Японы эрх баригчид Токиогийн наадмыг коронавирусний улмаас цуцлах шаардлагатай гэж үзэж байна гэж Засгийн газрынх нь эх сурвалжаас иш татан мэдээлсэн юм.


Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээсэн билээ.


Холбоотой мэдээ