Халдвартай эхтэй нэг тасагт байсан хүмүүсээс халдвар илрээгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-22 12:44:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Өргөө" амаржих газарт төрсөн "COVID-19” халдвартай эхтэй нэг тасагт байсан хоёр хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. 


Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт,  судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Нийслэлийн "Өргөө" амаржих газарт Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өвчлөлийн голомтод хариу арга хэмжээг авч байгаа. Халдвартай эхтэй нэг тасагт байсан хоёр хүнийг тусгаарласан. Тэднээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Ойрын хавьтал гэж үзсэн бүх хүнээс халдвар илрээгүй. Ойрын хавьтлуудыг нөөц тасагт тусгаарласан” гэв. 

Түүнчлэн тэрбээр, Өргөө амаржих газарт тухайн ээжийг төрсний дараа очиж ариутгал, халдваргүйтгэл, хамт байсан хүмүүст шинжилгээ хийх ажлыг яаралтай зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар, "Өргөө" амаржих газарт халдвар тархаагүй. Гэхдээ давтан шинжилгээ хийнэ. Үүний тулд хүмүүсийг ойрын болон хоёрдогч хавьтлаар эрэмбэлэн ангилж байгааг дурдсан юм.


"Өргөө" амаржих газраас ХӨСҮТ-д шилжүүлсэн эх, нярай хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд халдварын эсрэг эмчилгээ үйлчилгээг хийж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ