“Хямд амар” цахим үзэсгэлэн зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-29 10:12:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НАЖГ, МАЖХ, Монголын зочид буудлуудын холбоо ТББ, “Айхотел” ХХК хамтран “Хямд амар” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 27-31-нд зохион байгуулж байна.


Цар тахлын дэгдэлттэй холбоотойр гадаад, дотоодын аялал жуулчлалын урсгал зогссон энэ үед салбарын яам тус үйл ажиллагаа явуулж буй тур оператор, жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудаа дэмжих, үйл ажиллагааг нь сэргээх зорилт тавьсан. 


Ингээд амралтын газар, жуулчны бааз, зочид буудалд эдийн засгийн эргэлт бий болгох, нөгөө талаар иргэдийг аялах, амрахад хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэхээр “Хямд амар” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг нээжээ.


Үзэсгэлэнд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд иргэдэд  анх удаа үйлчилгээгээ 50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр санал болгож байна.


Үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэд аяллаа төлөвлөж, хөнгөлөлттэй үнээр худалдаж аваад, тус газраа хүссэн үедээ үйлчлүүлэх өдрөө баталгаажуулснаар “Хямдаар-Амрах” боломж олгох юм.


Одоогоор 80 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз үзэсгэлэнд оролцож, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээгээ санал болгож байгаа.


Үзэсгэлэнгийн үеэр нийслэл болон 21 аймгийн аялал жуулчлалын үзэсгэлэнг дэс дараатай зохион байгуулж,  иргэд, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгаль, түүх, соёлын өв бүхий газруудаа таниулах юм.

 

Холбоотой мэдээ