АН-ын залуучуудын төлөөлөл мэдэгдэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-01-29 13:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын АН-ын залуу гишүүдийн төлөөлөл өнөөдөр С.Зориг агсны хөшөөний дэргэд мэдэгдэл хийв.

Мэдэгдэлд, "Монгол Улс хүчирхэг байхад олон ургалч үзлийн илэрхийлэл болсон улс төрийн намуудын тэнцвэртэй үйл ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Ийм үед АН дотооддоо нэн яаралтай цэгцэрч, сөрөг хүчний дуу хоолойгоо чанга тод илэрхийлэх шаардлагатай байна" гэдгийг онцолжээ. Тиймээс АН дотор үүсээд буй асуудлыг яаралтай шийдвэрлэж дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг гишүүд шаардаж байна гэв. Шаардлагыг АН-ын дарга асан С.Эрдэнэ болон АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарт тавьж байгаагаа хэлэв. АН-ын дотоод дахь хэрүүл маргаан бүхий байдал намын дунд шат руу халдаж буйд дээрх хоёр хүн буруутай байна хэмээн мэдэгдсэн юм. 


АН-ын шинэчлэл бол ардчиллыг өмчлөхөө болихоос эхэлнэ. Намын үйл ажиллагааны сэргэлтийн цэг бол зорилгоо зөв тодорхойлж, ардчиллын суурь, зарчмуудыг хамгаалахаас эхэлнэ. Тиймээс иргэд сонгогч олон, гишүүдийн хүлээлтэд хүрсэн, бодлогын институт байгуулах үйлсэд залуучуудыг манлайлан оролцохыг мэдэгдэлд уриалжээ. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ