Италид халдвар авсан хүнийг илрүүлэх зорилгоор нохой сургаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-08 11:41:52

РОМ. /TASS/. Италийн “Italpol” хувийн хамгаалалтын компани нохойг коронавирусээр халдварласан хүмүүсийг үнэрээр нь танихад сургаж байна.


“Нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, томоохон компаниуд ийм үйлчилгээ авах сонирхолтой байгаа хэдий ч төсөл одоохондоо туршилтын шатанд хэрэгжиж байна. Халдвартай хүнийг үнэрээр нь таньдаг нохой олон хүн бөөгнөрсөн газар маш их хэрэгтэй. Иймэрхүү газруудад нэг дор олон хүн цугларсан нисэх онгоцны буудал юун түрүүнд багтдаг билээ” хэмээн “Italpol” компанийн шуурхай хэлтсийн захирал Дель Греко ярьжээ.


Коронавирустэй хүмүүсийг үнэрээр нь танихад нохойг ашиглах арга одоогоор Франц төдийгүй Хойд Европын хэд хэдэн оронд хэрэгжиж байгаа ч мөн л туршилтын шатанд хэрэгжиж байна. 


Онцгой үнэр

“Нохойг халдвартай хүнийг илрүүлэхэд сургах технологи нь тэсрэмтгий бодис, хар тамхи илрүүлэхэд сургадаг арга барилтай ижил гэдгийг Дель Греко тайлбарлав. "Нохой болгоныг ийм аргад сургахад тохиромжгүй ч үнэрлэж шиншлэх нарийн мэдрэмжтэй байлгах шаардлагатай байгаа юм” хэмээн Дель Греко ярьжээ.


Халдвар авсан хүнээс онцгой үнэр гардаг учир онцгой үнэрлэх мэдрэхүйтэй нохой л халдварласан хүнийг таньж чадна. Нохой бусад өвчнийг ч тодорхойлох чадвартай байдаг аж.

Холбоотой мэдээ