Монголын залуучуудын холбоо Л.Түдэвийн цээж баримлыг залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-09 14:51:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв агсны цээж баримлыг Монголын залуучуудын холбооны байранд өнөөдөр залсан байна.


Зууны манлай сэтгүүлч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэв агсан Монголын залуучуудын холбоо буюу тухайн үеийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэл /МХЗЭ/-ийн гарамгай удирдагч байв. Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Л.Түдэв агсны нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг тус холбооноос нээхээр ажиллаж байгаа аж.


Лодонгийн Түдэв 1935 оны 2 дугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран /одоогийн Халиун/ сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 - 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 - 1956 онд УБДС, 1964 - 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэсэн билээ.


Тэрбээр 1993 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин анхны ерөнхийлөгчийн төлөө Пунсалмаагийн Очирбаттай өрсөлдөж байсан юм.


Ардын уран зохиолч Л.Түдэв УБДС-ийг 1956 онд төгсөөд төрсөн нутаг Наран сумандаа 3 жил багшлаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон ч, тэндээ нэг их удалгүй нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр ажилласан. Тэрбээр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд нь чухал нөлөө үзүүлжээ.


Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирээд МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн хорооны орлогч даргаар ажилласан. Тэрбээр 1974 онд МЗЭ-ийн даргаар сонгогдож 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан юм.


МЗЭ-ийн хорооны даргын ажлыг хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ-ийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ-ийн байгууллагын удирдах албанд ийнхүү 8 жил ажиллахдаа Зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыг тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүй ажлыг хийсэн гавьяатан билээ.

Холбоотой мэдээ