“Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар Дэлхийн банк хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын нөхцөл байдал, тулгамдаж байгаа болон цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлыг танилцуулж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар баталсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр хэлэхдээ, “Төсвийн шинэчлэлийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Иймд төсвийн хөрөнгө оруулалтын цахим системийг бүрэн хэрэгжүүлж, төсвийн ил тод, үнэн зөв, хариуцлагатай байдлыг хангах нь Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй”-г онцлов.
Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллага болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагч оролцож байна.