Кавабучи олимпын наадмыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-11 13:13:24

ТОКИО. /TBS/. Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо албан тушаалаасаа огцорно хэмээн “Фүжи” телевиз мэдээлэв.


Мори Ёширо саяхан хийсэн нэгэн мэдэгдэлдээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан зүй бус үг хэлсний улмаас олны шүүмжлэлд өртөж, дуулиа шуугиан тарьсан юм. Түүнийг огцруулах тухай шийдвэрийг “Токио-2020”-г зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны үеэр гаргах аж.


Эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг тул зөвлөлийн хуралдааныг сунжруулна гэж М.Ёширо өнгөрсөн долоо хоногт хэлсэн нь олны шүүмжлэл дагуулсан. Өдгөө 83 настай М.Ёширо хэлсэн үгийнхээ төлөө хожим нь хүлцэл өчсөн боловч тэр даруйдаа огцрох өргөдлөө өгөөгүй байна. Үүнтэй холбогдуулан Японы сөрөг хүчний нам Мориг огцруулах эсэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг засгийн газраас шаардах төлөвтэй байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн Токиогийн олимпын наадмын сайн дурын 500 орчим ажилтан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.


Мори Ёширо үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөр Олимпын тосгоны дарга Сабуро Кавабучи Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүн болох аж.


Өдгөө 84 настай Кавабучи нь хөлбөмбөгчин байсан бөгөөд одоогоор Японы Хөлбөмбөгийн холбоонд зөвлөхөөр ажилладаг байна. 


Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хугацаанд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, энэ жилийн 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар болжээ.

Холбоотой мэдээ