Тусгай зөвшөөрөл олгодог байгууллага нь тухайн салбарынхаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорионы дэглэм дууссанаар, аж ахуйн нэгжүүдийн мөрдөх журмыг УОК-оос өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр журам зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад ямар хариуцлага тооцох талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас сэтгүүлчид тодруулсан юм.
-Томоохон худалдааны төв, супермаркетад байрлуулж буй цахилгаан хаалга шаардлага хангаж чадах уу?
-Супермаркет болон томоохон худалдааны төвүүд үүдэндээ ариутгал, халдваргүйтгэл хийдэг, халуун хэмждэг цахилгаан хаалга тавьж байна. Энэ хаалганы хувьд, НМХГ-т шалгуулж зөвшөөрөл авсан. Стандартын дагуу халуун хэмжиж, халдваргүйтгэл хийж байгаа.
-Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүй аж ахуйн нэгжид ямар хариуцлага оноох вэ?
-Засгийн газрын тогтоолын дагуу Коронавирусний халдварын үед урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Энэ журмын долоодугаар заалтад, аж ажуйн нэгжийн үндсэн үйл ажиллагаанд ямар хариуцлага тооцохыг нарийвчлан заасан. Энэ жилийн хувьд, аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагаанд салбарын хяналт тавих зарчмаар ажиллана. Хотын даргын захирамжийн дагуу тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагууд тухайн салбарынхаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавина. Тухайлбал, Биеийн тамир, спортын газар нийслэл дэх, зөвшөөрөл олгодог 300 гаруй аж ахуйн нэгжид хяналт тавих, Аялал, жуулчлалын газар нь зочид буудал, амралтын газрын үйл ажиллагааг хянах юм. Мөн Нийслэлийн соёл урлагийн газар кино театр, үзвэр үйлчилгээний газарт хяналт тавьж ажиллана.
-Мэргэжлийн хяналтын байгууллага ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тэдгээр салбарын хяналт хууль журмын дагуу байгаа эсэхийг хянаж, хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана. Дээрх журмыг хэрэгжүүлэхдээ, эхний ээлжинд салбарын агентлаг, хороо, дүүргийн Засаг дарга нар хууль дүрэм хэрэгжүүлэхэд зөвлөн тусална.
Өөрөөр хэлбэл, эхний 14 хоногт бүх аж ахуйн нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмээ сахих талаар зөвлөж сүүлийн хоногуудад хяналт шалгалтыг явуулна. Нэгдүгээрт зөвлөн туслаад, хоёрдугаар шаардлага хүргүүлнэ, гуравдугаарт, албан шаардлага биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.2-оор торгоно. Торгуулсны дараа зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүйн улмаас аж ахуйн нэгжид иргэн эрүүл мэндийн хохирол амссан бодит нөхцөл байдал тогтоогдвол тухайн байгууллагыг бүхэлд нь болон хэсэгчлэн үйл ажиллагааг нь хязгаарлах арга хэмжээ авахаар түр журамд зохицуулалт хийсэн. Аж ахуйн нэгжүүдэд бүрэн боломж, хугацааг нь олгоод, УОК-оос зураг болон бичгэн хэлбэрээр заавар зөвлөмжийг хүргүүлнэ. Үүнийг зөв зохион байгуулаад явбал үр дүнд хүрнэ. Энэ журам төрийн байгууллага, иргэн аж ахуй нэгжийн хамтын ажиллагаа хариуцлага байх ёстой. Тиймээс чиг үүргээ хэрэгжүүлэх явцад журам зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага оноохоор мөн тусгасан байгаа.