Монгол Улс хатуу хөл хориогоо цуцалж вакцинжуулалтаа эхлүүллээ

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2021-02-23 18:13:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тавигдаж монголчууд ердийн амьдралдаа шилжиж буй эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж "AstraZeneca"-гийн анхны тунг тариуллаа.


Манай улс Их Британийн "AstraZeneca", АНУ-ын "Pfizer", ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Verocell" гэсэн дөрвөн төрлийн вакцинаар хүн амаа дархлаажуулахаар төлөвлөж бэлтгэл хангаад байна. Эхний ээлжид олон улсад бүртгэгдсэн "AstraZeneca" болон "Pfizer" вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлнэ. Харин ОХУ, БНХАУ-ын вакциныг ДЭМБ бүртгэсэн даруйд хэрэглээнд нэвтрүүлэх юм. 



Өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-нд БНЭУ-ын буцалтгүй тусламжаар ДЭМБ-аас зөвшөөрсөн Их Британийн "AstraZeneca" вакцинаас 150 мянган тунг хүлээн авч өнөөдрөөс вакцинжуулалтыг эхлүүллээ. Мөн өнөөдөр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн авсан. Уг вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгохоор ДЭМБ судалж байгаа бөгөөд зөвшөөрөл гармагц хүн амд тарихад бэлэн боллоо. Түүнчлэн ойрын хугацаанд ОХУ-ын буцалтгүй тусламжаар 20 мянган тун "Спутник-V" вакцин болон 50 мянган тун АНУ-ын "Pfizer" вакциныг хүлээн авахаар бэлтгэж байна.  


ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүрээс гадна "Pfizer" вакцинд зориулсан -70 хэмийн 26 ширхэг гүн хөлдөөгч бэлтгэсэн. Нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай бөгөөд 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах боломжтой. 



Насанд хүрсэн бүх иргэнээ энэ онд багтаан дархлаажуулна


Эхний ээлжинд цар тахлын эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй эмч, цагдаа, онцгой байдлын  110 мянга орчим алба хаагчдыг хоёр тунгаар вакцинжуулна. Үүний дараа 50-иас дээш насны хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, суурь өвчтэй хүмүүс, дайчлах боломжтой ажиллагсад, стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид, бүх шатны боловсролын байгууллагын ажилчид, вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам гэх дарааллаар вакцинжуулах юм.


Үндсэндээ нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн 2,1 сая иргэнээ энэ онд багтаан үнэ төлбөргүй дархлаажуулахаар төлөвлөж байна. Иргэд ванкинжуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдана. Вакцин бол эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах хамгийн шалгарсан арга гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, ард иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.



“Нэг хаалга-нэг шинжилгээ” байгаа онолоо


Өнгөрсөн 12 хоногт халдварын хамгийн том голомт болох нийслэлд хатуу хөл хорио тогтоож хөдөлгөөнийг 98 хүвь хүртэл хязгаарласан. Энэ хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяныг өрнүүлж 411 мянган өрхийн 523 мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Төлөвлөгөөгөө 127 хувиар давуулан биелүүлсэн ч эрүүл мэндийн салбарт ачаалал үүссэнгүй. Уг шинжилгээгээр 33 голомтод 122 хүнээс халдвар илэрч, өндөр эрсдэлтэй 8 цэгт хатуу хөл хориог үргэлжлүүлэн мөрдөж байна. Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж халдварын тархалтын дүр зургийг тогтоосон нь бизнесийн үйл ажиллагааг нээх, цаашдын стратегийг оновчтой боловсруулах, вакцинжуулалтыг эхлүүлэх гол үндсэн суурь боллоо гэдгийг эрх баригчид онцолж байна.



Орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна


Коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдах насанд хүрсэн иргэдийн 30 орчим хувь нь орон нутагт оршин суудаг. Орон нутагт вакцин хуваарилж хараахан эхлээгүй байгаа ч аймгууд вакцинжуулалтад бэлтгэж эхэлжээ. Эхний ээлжид дархлаажуулах иргэдийнхээ нарийвчилсан судалгааг гаргаж, нийслэлээс тээвэрлэх вакцины хадгалалт, хамгаалалт, вакцинжуулах арга аргачлалд эрүүл мэндийн ажилтнуудыг цахимаар хамруулан мэргэшүүлж байна.


Орон нутагт мөн л эмч, эмнэлгийн ажилтнууд, тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын архаг хууч өвчтэй болон өндөр настан, зорилтот бүлгийн иргэд гэсэн дарааллаар вакцин хийнэ.

  


 


 


Холбоотой мэдээ