Завханд ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-24 18:01:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо өнгөрсөн оноос өссөн байна гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

-“Манай байгууллагад бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 683 болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар буюу 101 хүнээр өссөн. Аймгийн хэмжээнд 338 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 49.5 хувийг эзэлж байна. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх таван жилийн дунджаас 31.9 хувиар буюу 552 хүнээр буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 13 хувь нь 15-24 настай, 30 орчим хувь нь 25-34 насных байна. Харин ажил идэвхтэй хайж буй иргэдийн 27 хувь 45-54 насныхан байна. Ажилгүйчүүдийн 0.8 хувь нь боловсролгүй, 58.4 хувь нь бүрэн дунд боловсролтой, 23.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс ажил идэвхтэй хайж байна. “Ковид-19”-ын хөл хорионы үеэр ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо өссөн. Эдгээр иргэд байнгын бус цагийн, түр гэрээтэй ажиллах сонирхолтой. Мөн улирлын чанартай түр ажлын байранд зуучлуулах иргэдийн тоо өсдөг” гэв. 

Холбоотой мэдээ