Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээсэн бодлого хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-02-25 14:26:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн  халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар болсон. Тиймээс энэ салбарыг түргэн хугацаанд сэргээх талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилга гарган өнөөдөр тус салбарынхантай уулзлаа. Тэрээр танхимынхаа 5 сайдын хамт аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.


Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх 6 чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж буй. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана. Үүний тулд салбарынхаа талаар сайн ярилцаад маш тодорхой төлөвлөж Засгийн газар, УИХ-аас шийдвэрлүүлэх жагсаалтаа гаргаж авах нь зөв гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон юм. 

"COVID-19"-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаандаа нийт 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88,700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амсжээ. 

Гэхдээ Монгол Улсад дархлаажуулалт эхэлж, халдварын голомтуудыг хумьж чадсантай холбоотойгоор аялал жуулчлал удахгүй сэргэх итгэл байгаа тул салбарын 14 ТББ-ын төлөөллийн 300 гаруй саналд үндэслэн ойрын хугацаанд хил нээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн багтаамжийг нэмэгдүүлэх, маркетинг үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд төр, засаг хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Урт хугацаандаа дэлхийн зах зээлд чиглэсэн Монголын аялал жуулчлалын 5 кластер хөгжлийн төв бий болгон ажиллах зураглалыг өнөөдрийн уулзалтаар танилцуулав. 


Салбарынхны төлөөлөгч нарын байр суурь, саналыг сонсвол, "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, аялал жуулчлалын салбар цар тахлаас үүдсэн энэхүү хямралыг боломж гэж харах хэрэгтэй гэдгийг хэлж, "Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээж авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа "Алсын хараа хөгжлийн хөтөлбөр"-тэй нийцнэ гэж үзэж байна. Манай бүс нутагт дэлхийн өнцөг булан бүрээс жилд ОХУ, БНХАУ, Хонгконг, БНСУ гэсэн 4 улсад жилд ирдэг 1,7 тэрбум жуулчны 0,2 хувийг л хүлээж авахад бид дээрх зорилтдоо хүрнэ" гэж байв.


Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоооны тэргүүн Н.Нарангэрэл хэлэхдээ, "COVID-19"-ийн хамгийн том хохирогч манай салбарт ажилгүй болсон 88 мянган хүний нэг би өөрөө. Бидний ажил эрхлэлт бүрэн зогссон. 100 хувь орлогогүй болсон байна. Тиймээс ХНХ-ын сайд болон БОАЖ-ын сайдад тодорхой хүсэлт тавья. Сайн дурын даатгалд хамрагддаг хүмүүсийн тасалдсан даатгалын асуудлыг шийдэж өгнө үү”  гэсэн юм.


Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, “Манай улс 7.5 сая жуулчны хүлээн авах багтаамжтай. Дэлхийн бүх хүмүүс жуулчин байж болох  нөлөөллийг тооцох нь чухал. Тоо ба чанарын тэнцэл гэсэн үг. Тавдугаар сарын 1-нд хилээ нээж өгөөч. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлээч гэсэн хүлээлт бий. Тэгвэл энэ зун 400 мянган жуулчин хүлээж авах боломжтой" гэсэн юм.


Монголын Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, "2019 онд 460 зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 430 болсон. Ажилтнуудын тоо өмнөх оноосоо 46 хувиар буурч 16,860 болоод байгаа. Зочид буудлаар үйлчлүүлсэн зочдын тоо 95 хувь буурч 45, 650 байна. Үүнд ихэвчлэн гадаад улсаас ирж тусгаарлагдсан хүмүүсийн тоо хамаарна. Халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотойгоор зардал өсөж, өнгөрсөн онд -89.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2020 оны 1 дүгээр сараас эхлээд зочид буудлууд жуулчин аваагүй тул байрууд маань ашиглалтгүй байгаа. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж өгнө үү. Зочид буудлууд жилдээ 600 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт төлдөг. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул 2021 оны 7 дугаар сарын 1-нээс торгууль, алданги тооцуулж эхлэх эрсдэлтэй байна. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол цомхотгол 60 хувь хүрэхээр байна " гэв.


Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа, “Монгол Улсад 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр жуулчны бааз 20 мянган ор хоногийн хүчин чадалтай бөгөөд 31.5 тэрбум төгрөгийн цалингийн сантай. Нийт 10 мянга гаруй ажилтантайгаар 90 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Энэ жуулчны баазууд тусгай хамгаалалттай газар болон орон нутагт байрладаг учраас орон нутгийн иргэдээс 22.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 

2020 онд тус жуулчны баазын орлого 96 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Цаашид аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажилтнууд вакцинд хамрагдсан байх шаардлагатай байна. Мөн 18 сарын турш тэг зогсолт хийсэн байгууллагууд хөнгөлөлттэй зээлд хамрагдмаар байна. 

Аялал жуулчлалын салбар сэргэхэд хугацаа их орох учир 2023 он хүртэл газар, үл хөдлөхийн ашиглалтын зардлыг тэглэх боломж бий юу, ашиглалтын гэрчилгээг таван жил байдгийг 10 жил болгож сунгах, аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох, ялангуяа Хөвсгөл, Тэрэлж, Хархоринд даацын хэтрэлтийг шийдэж өгөх, стандартын дагуу баазууд нэг км-ээс доошгүй зайтай байх ёстой. Жуулчны бааз, лодж, амралтын газар гэх мэт жуулчин байрлах газруудын гэрчилгээг нарийн ялгаж олгох хэрэгтэй байна" гэв.




Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлэхдээ, "Засгийн газар зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт  цусны эргэлтийг нээе гэсэн бодлого барьж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан зүйлүүдйиг нэгтгэн ирэх 7 хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хурлаар хэлэлцэн танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлыг нэгтгэн дараах таван чиглэлээр анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана" гэв. Үүнд:

  • "COVID-19"-ийн хүндрэлийг даван туулах эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ,
  • Агаарын тээврийн либералчлал хийнэ,
  • Энэ оны 5 дугаар сарын 1-нээс хил нээх саналыг нухацтай судалж шийдвэрлэнэ,
  • Визний үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ,
  • Салбарын хэмжээнд нэгдсэн маркетинг хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хамтарч ажиллана. 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ