"Рио Тинто" группээс Өмнөговь аймагт PCR шинжилгээний лаборатори хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-28 10:47:32
@s_munkhbaatar

Өмнөговь /МОНЦАМЭ/. "Рио Тинто" групп буцалтгүй тусламжаар байгуулсан PCR/ПГУ шинжилгээний дөрөв дэх лабораторио Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвд өчигдөр хандивлалаа. 


Тус группын 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд байгуулж буй уг лаборатори олон улсын жишигт нийцсэн 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслээс бүрджээ. 



Төслийн хүрээнд нийт дөрвөн лаборатори байгуулсан бөгөөд тэдгээрийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй хил орчмын бүс нутагт буюу Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймагт хүлээлгэн өгөөд байна. 


ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол улс нийт 38 PCR/ПГУшинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн. Төслийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа  Өмнөговь аймгийн багийн эмч нарт нийт 52 таблет, 6 зөөврийн компьютер болон бусад нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангаж байна.



Ташрамд дурдахад, "Рио Тинто" групп COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зориулж 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоо ноднин 10 дугаар сард зарласан юм. Энэ хүрээнд “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Оюу толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамт хэрэгжүүлж, PCR/ПГУ шинжилгээний лабораторийг био аюулгүй байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц дөрвөн лаборатор байгуулаад байгаа юм. Тэдгээр лабораториуд нь дан ганц коронавирусний оношилгоо шинжилгээ гэлтгүй томуу, антибиотик тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин зэргийг илрүүлэхэд тустай юм.


Төслийн хүрээнд Монгол Улсын PCR / ПГУ лабораторийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж буйгаас гадна анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.


Анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйчилгээ үзүүлдэг эмнэлэгийн мэргэжилтүүдийг зайн харилцаа холбооны технологиор хангаж байна. Ингэснээр аймгийн болон сумын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй холбогдог, алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдаггүй үзүүлэх боломжийг нээв. Төслийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа  Улаанбаатар хорооны Сонгинохайрхан дүүргийн 17 хорооны өрхий эмч нарт, Дорноговь болон Өмнөговь аймгийн багийн эмч нарт ийт 86 таблет, 14 зөөврийн компьютер болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдээр хангаж байна.

Холбоотой мэдээ