Бизнесээ өөрсдийн хүчээр босгосон Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийг жагсаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-01 16:41:36

МОСКВА. /iz/. Бизнесээ өөрсдийн хүч чадлаар босгосон Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг “Forbes” сэтгүүлээс анх удаа гаргажээ.


Өнөөдөр танилцуулсан уг жагсаалтыг Оросын хамгийн том цахим дэлгүүр болох "Wildberries"-ийг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчук ​​тэргүүлсэн байна. Энэхүү жагсаалтад өөрсдийн хүч чадлаар хөрөнгөө босгосон, гэр бүлийн бизнест идэвхтэй оролцдог боловч өвлөж аваагүй, түншүүдтэйгээ бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд багтсан болохыг онцолжээ. Жагсаалтад нийтдээ 20 эмэгтэй багтсан байна.


Өнгөрсөн онд “Wildberries”-ийн эргэлт бараг хоёр дахин өсөж, 437.2 тэрбум рубль болсон байна. “Forbes” сэтгүүлийн шинжээчид Бакальчукийн хөрөнгийг 10.1 тэрбум ам.доллароор үнэлснээр түүнийг бизнесээ өөрсдийн хүчээр босгосон дэлхийн хамгийн баян 10 эмэгтэйн жагсаалтад багтах боломжтой болгожээ.


Жагсаалтын хоёрдугаарт, “ФрутоНяня” хүүхдийн тэжээл үйлдвэрлэгч “Прогресс” компанийн хувьцаа эзэмшигч Ольга Белявцева 550 сая ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө орсон бол гуравдугаарт, 475 сая ам.долларын хөрөнгөтэй Татьяна Кузнецова  бичигдсэн байна.


 


Холбоотой мэдээ