Энэ сарын 3-наас хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-02 15:15:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Автотээврийн газраас энэ сарын 3-наас хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх талаар мэдээллээ. 

Тодруулбал, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг нээх түр журам гарсны дагуу нийслэлээс Төв аймаг руу зорчих нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах шийдвэрийг аймгийн Авто тээврийн газраас гаргажээ. 

Тус шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг явуулах бэлтгэл ажлыг хангасан байна. 

Аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэн “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Улаанбаатар - Зуунмод, Зуунмод - Улаанбаатар хоёр талаас зэрэг өглөөний 10.00, оройн 18.00 цагаас явуулахаар бэлтгэж байгаа. Мөн нийслэлээс 27 сум руу нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв. 

Түүнчлэн ачаа тээврийн үйлчилгээ буюу иргэдийн дайвар ачааг долоо хоног бүрийн бямба гарагт Зуунмод сумаас Улаанбаатар хот руу 11.00 цагаас, нийслэлээс Зуунмод руу 17.00 цагаас ачаа тээвэрлэх юм. Иймд иргэдийг хот хооронд зорчих онцын шаардлагагүй бол ачаа тээврийн үйлчилгээг сонгон дайвар ачаагаа халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлэн үйлчлүүлж, өөрийгөө болон гэр бүл, нутаг орноо эрсдэлээс хамгаалж хариуцлагатай хандахыг уриалж байна.

Холбоотой мэдээ