Элчин сайд Д.Даваа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагчдад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-04 07:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд”, “Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг байгуулсан их, дээд сургуулиудад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа талархлын захидал илгээв.


Тодруулбал, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургууль өнгөрсөн сарын 18-19-нд “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” оюутан, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн Удирдлага, бүс нутгийн хөгжлийн сургуультай хамтран өнгөрсөн сарын 19-нд “Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” олон улсын  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулсан билээ.


“Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” эрдэм шинжилгээний хуралд Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэн, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, их дээд сургуулиудын 50 төлөөлөгч оролцсон байна. Харин “Монгол, Оросын харилцаа: эртнээс эдүгээ хүртэл” сэдэвт Олон улсын  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд ОХУ, Монгол, Их Британи, Казахстан, Турк, Франц, Япон зэрэг 10 гаруй орны 100 эрдэмтэн оролцжээ.


Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлууд зохион байгуулалт, оролцогчдын бүрэлдэхүүн, хэлэлцсэн сэдвийн агуулга, цар хүрээ, ажил хэрэгч байдал зэрэг бүхий л шалгууруудын хувьд  дээд түвшинд болсон гэдгийг Элчин сайд Д.Даваа захидалдаа тэмдэглэсэн байна. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн Удирдлага, бүс нутгийн хөгжлийн сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны тэнхимийн эрхлэгч, гүн ухааны шинжлэх ухааны доктор, профессор С.А.Семедов, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.И.Сухарев, сурган хүмүүжүүлэхийн ухааны дэд эрдэмтэн В.А.Сухарева нарт онцгойлон талархал илэрхийлэв. Мөн М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургуулийн Төв Ази, Кавказын орнуудын тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.И.Сыздыкова, Алс дорнод, Зүүн өмнөд Азийн тэнхимийн доцент, түүхийн ухааны дэд эрдэмтэн Р.Т.Сабиров, аспирант К.И.Бикмаева нарт онцгойлон талархал илэрхийлжээ.

Холбоотой мэдээ