Куба коронавирусний вакциныхаа эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-05 11:06:47

ХАВАНА. /Prensa Latina/. Кубын эмнэлгийн мэргэжилтнүүд “Soberana 02” коронавирусний вакциныхаа эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатыг эхлүүллээ.


Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья мэдэгдсэн байна. “"Soberana 02" эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатандаа хүрсэн Латин Америкийн анхны вакцин боллоо. “Abdala” вакциныг удахгүй туршина" гэж дипломатч твиттертээ бичжээ.


“Soberana 02” вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатыг Хавана хотод явуулах бөгөөд 44 мянган хүнд уг вакциныг хийх аж. “Abdala” вакциныг зүүн Гуантанамо мужид туршихаар болсон байна. 


"Эдгээр ололт амжилтаас гадна Кубын шинжлэх ухаан “COVID-19”-өөс эдгэрч буй хүмүүст зориулсан “Soberana 01A” хэмээх эмийг гарган авсан" гэж сайд нэмж хэлжээ. 


Кубад коронавирусний халдварын анхны гурван тохиолдол 2020 оны гуравдугаар сарын 11-нд бүртгэгдсэн байна. Албан ёсны мэдээллээр, тус улсад 53 мянга гаруй хүн халдвар авч, 336 өвчтөн нас барсан бол 48 мянга гаруй хүн эдгэрчээ. Кубын эрх баригчид хүн амаа энэ онд вакцинжуулахаар төлөвлөж байна. 


Холбоотой мэдээ