Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулах ажлын явцтай танилцлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-09 16:54:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АШУҮИС-ийн Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газарт очиж дархлаажуулах ажлын явцтай өнөөдөр танилцлаа. 


Монгол Улсад COVID-19-ийн эсрэг дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандан судалсны дараа дархлаажуулах ажлыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм.



Хуваарийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид вакцинд хамрагдаж байна. Иргэдийн орох, гарах урсгал тусдаа, яаралтай үед ажиллах эмнэлгийн тусламжийн баг бэлэн, вакцин хийлгэсэн иргэнд сөрөг нөлөө илэрвэл эмчилгээ явуулах өрөө бэлджээ.  



Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой. Дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 44 нь ажиллаж байна. Үлдэх  40 гаруй цэгийг ариутган халдваргүйтгэж маргаашаас иргэдийг хүлээн авахаар болсон тухай Улсын онцгой комиссын дарга хэллээ. Маргааш худалдаа, үйлчилгээний салбарынхан, энэ дугаар сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх зэргээр төлөвлөгөөний дагуу вакцинд хамруулах юм.



Улсын онцгой комисс долоодугаар сард багтаан нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.  

Холбоотой мэдээ