Ү.Хүрэлбаатар: Утга зохиол дахь шинэ хүний дүрийг судалсан багш маань өөрөө "шинэ хүн" байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-10 16:17:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхдэд багаас нь хэлний яруу сайхныг эзэмшүүлэх, ярих, бичих дадлагатай болгоход хүүхдийн зохиолын хэл найруулга онцгой үүрэгтэй”-г Утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Д.Өлзийбаяр агсан эшлэл болгон тэмдэглэсэн байдаг.


Тэрбээр “Ном дагасан мөр, “XX зууны монгол төрийн зүтгэлтэн Жамбын Батмөнх”, Тэргүүн хатагтай А.Дариймаа, “Шинэ хүний дүрийн зарим асуудал” ном, “Дархан аварга Х.Баянмөнх” намтарчилсан тэмдэглэл, “Цонхон дээр юу болж байв  шүлэглэлт өгүүллүүд, Төмөр багшийг таних тэмдэг хөрөг дурсамж, Зуун өртөөлсөн багш нар хөрөг тэмдэглэлүүд, Мэдээ, бичил ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл, тойм, дурсамж, шүүмж буюу “МОНЦАМЭ-гийн өдрүүд” гээд 40 гаруй ном хэвлүүлжээ.


“1960-аад оны Монголын утга зохиол, дүрслэх урлаг, бүжиг, хөгжмийн нэгэн үеийн томоохонд давалгаанд гарч ирж, утга зохиолыг төрөлжүүлэх, үргэлжилсэн үг, хүүхдийн утга зохиолд дүрээ үлдээсэн хүн” гэдгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын судлалын салбарын эрхлэгч, доктор профессор С.Байгалсайхан өнөөдөр болсон “Шинэ утга зохиол дахь шинэ хүний дүр” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.


Энэхүү уулзалтыг Утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Д.Өлзийбаярын мэндэлсний 75 жилийн ойд зориулан ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд зохион байгуулав.


Уулзалтад ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, МУШУГЗ Л.Болд оролцох үеэрээ бичиг үсгийн өндөр боловсролтой найзыгаа дурсан, “Тухайн үеийн утга зохиол дахь коммунистын дүр дээр ажиллаж, уран зохиолын диссертаци бичиж, 4 боть зохиол дуусгахад гол нурууг нь үүрч байсан. Цөөн тооны өдөр тутмын сонин гарч байсан цаг үед долоо хоног бүр судлал, шүүмжлэлээ байнга нийтлүүлж байснаас түүний утга зохиолын салбарт оруулж байсан хувь нэмрийг тодхон харж болох”-ыг дурдлаа.



Д.Өлзийбаяр агсан Багшийн дээд сургуулийг дүүргэн, Увс аймагт нэг жил ажиллаж ирээд нийслэлийн 12 дугаар дунд сургуульд хэл уран зохиолын багш байхад МУСГЗ, доктор Ү.Хүрэлбаатар түүний шавь, ахлах ангийн сурагч байжээ.


Тэрбээр багшийнхаа талаар ярихдаа, “Хүүхдэд маш хайртай хүн байсан. Багшийн маань амьдрал, уран бүтээл туурвилын гол цөм нь хүүхдийн утга зохиол, шүүмжлэлийн тухай цуврал судалгаа юм. Хэвлүүлсэн номных нь арав гаруй нь заах арга, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой. Хүүхдийн зохиолын заах арга, уран зохиолын хичээлийн зөвлөмж, монгол хэлний зөв бичих дүрмийн товч толь, бага ангийн сурах бичиг гээд уран зохиолын хичээлийг дунд сургуульд яаж заах, ямар зохиол сонгох гээд уран зохиолыг балчир оюунд шингээхэд чармайж байсан орчин үеийн хүүрнэл зохиол, хүүхдийн зохиол судлалын эрдэмтэн багш юм. Бүх шатны сургуульд үндэсний хэмжээний боловсролд уран зохиолын хичээл заахад үнэхээр хичээж зүтгэсэн хүний нэг. Багш маань утга зохиол дахь шинэ хүний дүрий тусгайлан судалсан төдийгүй өөрөө шинэ хүний нэг дүр байсан” хэмээлээ.

 

Холбоотой мэдээ