Кундуз хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-29 16:34:07

АБУ-ДАБИ. /TASS/. “Талибан” хөдөлгөөний босогчдод даваа гарагт эзлэгдсэн Кундуз хотыг чөлөөлөх ажиллагааг Афганистаны аюулаас хамгаалах хүчин АНУ-ын цэргүүдийн дэмжлэгтэйгээр эхлүүлжээ. Энэ тухай Афганистаны Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.

“Кундуз хотод шинэ хүч татаж, ажиллагааг эхлүүлсэн” гэж Афганистаны Батлан хамгаалахын сайд онцлон хэлжээ. Америкийн цэргүүд Кундуз хотод агаараас цохилт өгсөн тухай тус улсын армийн хурандаа, Афганистан дахь АНУ болон НАТО-гийн цэргийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брайан Трайбас “Ассошиэйтед Пресс” агентлагт мэдээлсэн байна.

Ажиллагааны явцад Засгийн газрын цэргүүд Кундуз хотын Цагдаагийн газрын байр болон шоронг босогчдоос буцаан авч чаджээ.

Афганистаны хойд хэсэгт оршдог адил нэртэй мужийн засаг захиргааны төв болох Кундуз нь тус улсын томоохон хотуудын нэг юм. Тус хот 300 мянга орчим хүн амтай байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд