Д.Трампын элч нар Исламабад руу нисжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-25 11:31:39

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Ираны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхээр Исламабад руу явсан тухай Euronews мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.   


Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи баасан гаргийн орой Пакистаны нийслэлд ирсэн байна. Тэрбээр нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “хоёр талын асуудал ба бүс нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэх зорилгоор Пакистан руу явж байна” гэжээ.


Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левиттийн хэлснээр, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Исламабад руу явахгүй, гэхдээ шаардлагатай тохиолдолд тийшээ явахад бэлэн байгаа ажээ. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн багийнхан Исламабад руу нисэхэд бэлэн байна.


А.Арагчи болон Трампын элч нар хоёрдугаар сарын 27-нд Женев хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар шууд бус хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрээгүй юм. Маргааш өдөр нь Израил, АНУ хоёр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.


“Энэ удаад яриа хэлэлцээ үр дүнтэй болж, хэлэлцээр байгуулах зүгт урагшилна хэмээн бид найдаж байгаа, сүүлийн хоёр хоногт Ираны зүгээс нааштай хандлага ажиглагдсан” гэж К.Левитт хэллээ.  

Холбоотой мэдээ