Орландогийн халдлагатай холбогдуулан Обама төлөвлөгөөгөө өөрчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /Sputnik/. Орландо хотод гарсан хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Висконсин муж улсын Грин-Бей хот руу явах гэж байснаа хойшлуулсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газар руу өнгөрсөн шөнө нэгэн зэвсэгт этгээд дайран орж, олон хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болсон Хиллари Клинтоныг дэмжин Висконсинд болох сонгуулийн өмнөх арга хэмжээнд оролцон үг хэлэхээр Б.Обама төлөвлөж байжээ.
Флорида муж улсын Орландо хотын “Pulse” шөнийн цэнгээний газарт өнгөрсөн шөнө болсон халдлагын үеэр 50 хүн амиа алдаж, 53 хүн шархадсан болохыг тус хотын дарга Бадди Дайер нотлон мэдэгдлээ.
АНУ-ын түүхэнд Орландод болсонтой адил ийм олон хүнийг буудан хөнөөсөн аллага болж байгаагүй билээ. Урьд нь 2007 онд Виржиниа муж улсын технологийн их сургуульд болсон халдлагын үеэр 32 хүн амиа алдсан юм.
Өчигдөр болсон халдлагыг Афганистан гаралтай, АНУ-ын иргэн Омар Саддик Матин үйлдсэн бөгөөд тэрбээр лалын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй холбоотой бололтой.
29 настай Матин Флоридагийн Аюулаас хамгаалах газарт ажилладаг байсан бөгөөд гар буу эзэмших тусгай зөвшөөрөлтэй байжээ.
Түүний аав “NBC News” телевизэд ярилцлага өгөхдөө хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйгаад “бид түүнийг ийм хэрэг хийх гэж байсныг огт мэдээгүй” гэж хэллээ.
Тэрбээр цааш ярихдаа “АНУ даяар цочролд орсонтой адил манай гэр бүлийнхэн ч цочирдсон. Энэ хэрэг шашинтай ямар ч холбоогүй” гэв.
Хэдэн сарын өмнө Миамид хоёр эрэгтэй үнсэлцэж байхыг хараад Матин маш их уурласан гэж түүний эцэг ярьсан байна.
Матиныг цагдаа нар хэргийн газарт байхад нь устгасан юм.
Г.Доржханд