Сүхбаатар аймгийн сурын холбоо ээлжит тэмцээнээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-13 12:16:36

Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбоо, аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран 2016 оны Аймгийн аврага шалгаруулах нээлтийн харваан тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд аймгийн мэргэн харваачид болон шинэ залуу харваачид оролцон цэц мэргэнээ сорьсноос аймгийн 2016 оны шилдэг харваачаар 4-р БДС-ийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Аймгийн мэргэн  Ц. Одсайхан шалгарлаа.

Үндэсний сурын харваагаар хичээлэлдэг хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд аймгийн сурын холбоо ч бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. Сүхбаатар аймгийн харваачдын хувьд жил ирэх бүр амжилт нь ахиж байгаа. Тус холбооноос 2014 онд спортын дэд мастер 2, 2015 онд спортын спортын дэд мастер 1, спортын мастер 1 төрөн гарсан юм.

Аймгийн үндэсний сурын холбооноос тамирчдаа хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Мөн сурын спортыг сонирхдог хүмүүст зориулан  тогтмол  сургалт, хичээл явуулах замаар ирээдүйн залуу харваачдаа бэлтгэсээр байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ