2021 онд тэсрэлт хийх 10 чухал технологи

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-03-19 16:32:25

Мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед оны шилдэг технологиуд гэдэгт чухам ямар  технологийг хамруулах вэ? Хайлтын алгоритмууд, цахим хяналтын систем, “ногоон” устөрөгч зэргийн аль нь вэ? Энэ тухай АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуулиас /MIT/ эрхлэн гаргадаг MIT Technology Review сэтгүүлд 2021 онд  тэсрэлт хийж магадгүй 10 чухал технологийн талаар онцлон бичсэн байна.


Хамгийн ирээдүйтэй чухал технологиудын талаар бид жил бүр түүвэрлэн танилцуулж эхэлснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Өнөөдөр гэхэд, матрицын РНХ/рибонуклейн хүчил/ дээр суурилсан вакцинууд бидний амьдралыг өөрчлөөд нэгэнт эхэлчихсэн бол зарим технологиудыг ашиглаж эхлэх хүртэл хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь. 2021 онд тэсрэлт хийх хамгийн чухал технологиудыг бид нэг бүрчлэн товч танилцуулахаар шийдлээ. Та бүхэн ирээдүй рүү нэг өнгийгөөд хараарай.


Матрицын РНХ дээр суурилсан вакцинууд



Хүмүүс бид тун ч азтай юм даа. Коронавирусний эсрэг тэмцэхэд хамгийн үр дүнтэй гэдгээ харуулсан хоёр вакциныг матрицын РНХ дээр суурилан гаргаж авчээ. Энэ технологийг боловсруулж нэвтрүүлэхийн тулд эрдэмтэд 20 жилийн турш шаргуу хөдөлмөрлөж байгаа юм. Өнгөрсөн оны 1 дүгээр сард коронавирусний цар тахал дэгдэх үед хэд хэдэн биотехнологийн компанийн эрдэмтэд мРНХ-д суурилсан вакциныг гарган авах судалгаа шинжилгээний ажлыг эрс шуурхайлж эхэлсэн билээ. 2020 оны 12 дугаар сарын сүүлч буюу халдварын улмаас 1,5 сая хүн амиа алдаад байсан тэр үед АНУ-д уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрснөөр цар тахлын дэгдэлт саарч эхлэв.






Инновацийн технологид тулгуурласан коронавирусний эсрэг шинэ вакцинууд нь анагаах ухаанд өөрчлөлт авчирч, хумхаа зэрэг халдварт өвчнүүдийн эсрэг шинэ үеийн эм, вакциныг гарган авах замыг тавилаа. Коронавирус мутацид орж хувьссан тохиолдолд мРНХ-ийн вакцинуудыг маш хялбархнаар боловсронгуй болгох боломжтой.  Түүнээс гадна, мРНХ нь хадуур хэлбэрт эсийн цус багадалт, ДОХ зэрэг өвчнийг анагаах хямд өртөгтэй эмийг гарган авах үндэс суурь болно. 


GPT-3


Бичиж, ярихад өөрөө суралцдаг, хүний хэлийг ашигладаг компьютерийн их загварууд бол дэлхий ертөнцийг илүү сайн ойлгож, түүнтэй хамтран ажиллаж чадах хиймэл оюуныг бүтээхэд чухал алхам мөн. Өнөөдрийн байдлаар GPT-3 алгоритм нь хамгийн том бөгөөд хамгийн өргөн мэдлэгтэй нь болж байна. Олон мянган ширхэг номын агуулга, интернэт дэх мэдээллийн багагүй хэсгийг өөртөө хурааж төвлөрүүлсэн GPT-3 алгоритм нь тун этгээд хачирхам байдлаар, хүнтэй ижилхэн арга барилаар текстийг боловсруулж чадна. Ингэснээр уг алгоритм нь машин сургалтыг ашигласан хэлний гайхамшигтай загвар боллоо. 

Гэвч GPT-3 юу бичиж байгаагаа ойлгодоггүй учраас зарим үед холион бантан хутгаж, ямар ч утга авцалдаагүй зүйлийг сэднэ. Түүнийг сургахын тулд тооцоолон бодох асар их хүчин чадал, өгөгдлүүд, мөнгө хөрөнгө шаардлагатай. Энэ бүхэн нь нүүрстөрөгчийн ялгаралтыг нэмэгдүүлэх учраас өөр эх үүсвэр олох шаардлагатай болсноор шинэ загваруудыг зохион бүтээх ажил саатна. GPT-3 нь хуурамч мэдээлэл, мухар сүсгээр дүүрсэн интернэтийн текстүүд дээр суралцсан учраас илт гажуу зүйлүүдийг гаргаж ирдэг.


ТикТок зөвлөмжийн алгоритм


2016 онд анх хэрэглээнд нэвтэрсэн Хятадын TikTok аппликейшн нь дэлхий дээрх хамгийн хурдтай өргөжиж буй нийгмийн сүлжээнүүдийн нэг болжээ. Уг аппликейшныг дэлхий даяар олон тэрбум удаа татаж авсан ба олон зуун сая хэрэглэгчид эгнээнд нь нэгджээ. Учир юунд вэ? TikTok-ийн хэрэглэгчийн туузны алгоритмууд нь интернэт сүлжээнд хүмүүсийг нэр алдартай болгодог үйл явцыг эрс өөрчилсөн юм.


Бусад алгоритм нь олон хүнд хүргэхээр тооцсон контентийг юуны түрүүнд онцгойлон шүүж гаргаж ирдэг бол TikTok алгоритм огт танигдаагүй хүнийг ч ил гаргаж ирснээр шинэ оддыг төрүүлдэг. Өөрийн гэсэн сонирхол, таашаал бүхий нийгмийн тодорхой хэсгийнхэнд таарч тохирсон контентуудыг тун эвлэгхэнээр хүргэж байгаа нь бүр ч гайхалтай.  


Шинэ зохиогчдын хувьд аль болохоор олон үзэлтийг богино хугацаанд цуглуулах боломж, харин хэрэглэгчдийн хувьд өөртөө шинэ зүйлсийг олж нээхэд тун хялбархан болсноор уг аппликейшний цар хүрээ гайхалтай хурднаар тэлсээр. Нийгмийн сүлжээнд ажилладаг бусад компани эдгээр функцийг өөрсдийн аппликейшнд хуулбарлан суулгахыг бүх хүчээрээ чармайж байна. 


Лити-металлын цэнэг хураагуур /аккумулятор/


Цахилгаан автомашиныг борлуулна гэдэг бол тун ярвигтай ажил. Өндөр үнэтэйгээс гадна цэнэглэхэд цаг их орно. Дутагдалтай талууд нь лити-ионы зай хураагуурын хязгаарлагдмал боломжоос шалтгаалдаг.


Тэгвэл Цахиурын хөндийн санхүүжилт сайтай нэгэн старт-ап компани цахилгаан автомашиныг жирийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгож чадах цэнэг хураагуур /аккумулятор/ зохион бүтээсэн гэдгээ мэдэгдлээ. QuantumScape компанийн зохион бүтээж буй энэхүү шинэ батарейг “лити-металлын” гэж нэрийдсэн аж.

Эхний шатны туршилтуудын дүнг үзвэл, уг аккумуляторыг ашигласнаар цахилгаан автомашины нэг цэнэглэлтээр явах зайг 80 хувиар уртасгахын зэрэгцээ хурдан цэнэглэх боломжтой гэдэг нь батлагджээ. 2025 он гэхэд шинэ төрлийн аккумулятортай цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж буй “Фольксваген”- тай Цахиурын хөндийн стартап компани хэлцэл байгуулсан байна.  


Гэхдээ энэ нь одоохондоо жинхэнэ автомашинд хэрэгтэй эсэх нь тодорхойгүй загвар төдий зүйл байгаа юм. Хэрвээ QuantumScape болон тухайн чиглэлд ажиллаж буй бусад компани амжилтанд хүрэх аваас цахилгаан автомашиныг олон сая хүн унах боломжтой болно.


Өгөгдлүүдээ итгэж хадгалуулах  


Технологийн компаниуд бидний хувийн мэдээллийг тун найдваргүй хадгалдаг нь илэрхий боллоо. Мэдээллийг хэдэн ч удаа задруулж, хэдэн ч удаа хакердаж, хэдэн ч удаа дамлан зарсан нь тоогоо алджээ. Асуудлын учир нь та бидэнд бус харин нууцлалын загварт байгаа бус уу? Нууцлалыг хадгалах хариуцлагыг хүн бүр хүлээдэг тийм загварт оршиж байгаа бус уу?

Ийм үед өгөгдлүүдээ бусдад итгэж хадгалуулах нь өөр нэгэн боломжит хувилбар бөгөөд үүнийг зарим улсын засгийн газар сонирхож эхлээд байна.


Өгөгдлийн трест /data trust/ гэдэг нь хүмүүсийн хувийн мэдээллүүдийг цуглуулж, тэдний өмнөөс мэдээллүүдийг удирдах ажлыг гүйцэтгэдэг хуулийн этгээд юм. Энэхүү итгэлцлийн харилцааны бүтэц, үйл ажиллагаа нь тодорхойгүй байгаа хэдий ч өгөгдлийг итгэн хариуцуулах нь нууцлал ба аюулгүй байдалтай холбоотой эртнээс бугшсан асуудлуудыг шийдэх давуу талтай.


“Ногоон” устөрөгч


Ашигт малтмалыг орлож чадах тун сонирхолтой зүйл бол устөрөгч. Энэ нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр цэвэрхэн шатна, эрчим хүчний багтаамж ихтэй. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчнээс энерги хуримтлуулах сайн арга юм. Түүнээс гадна бензин, дизелийн түлшийг орлож чадахуйц шингэн нийлэг түлшийг гарган авч болно. Гэхдээ устөрөгчийг голдуу байгалийн хийнээс гарган авч байгаа бөгөөд энэ нь бохир, зардал ихтэй процесс юм. 


Харин сүүлийн үед нарны болон салхины эрчим хүч улам хямдарсаар байгаа учраас ногоон устөрөгчийн хүртээмж сайжирч, ашигтай болох нь. Усыг цахилгаанд залгаад л устөрөгч бэлэн. Энэ тал дээр Европ тивийнхэн тэргүүлж яваа бөгөөд шаардлагатай дэд бүтцийг байгуулаад эхэлчихжээ. Эдгээр төсөл бол нар, салхины эрчим хүчнээс устөрөгч гарган авах электролизийн үйлдвэрүүдийн дэлхийг хамарсан сүлжээг байгуулах чиглэлд хийж буй ердөө эхний алхам юм.


Цар тахлын үеийн цахим хяналт 


Коронавирус дөнгөж тархаж эхэлж байсан тэр үед өөр хоорондоо харилцсан хүмүүсийн утасны дугааруудыг /контакт/ цахим хэлбэрээр хянах боломжтой гэж таамаглаж байлаа. Ухаалаг утасны аппликэйшнүүд нь GPS эсвэл Bluetooth дээр суурилан уулзаж учирсан хүмүүсийн бүртгэлийг бий болгоно. Хэрвээ хэн нэгэн хүний шинжилгээ эерэг гарах аваас тухайн хүн уг мэдээллийг аппликейшндээ оруулснаар өөрөөс нь халдвар авах магадлалтай хүмүүст сэрэмжлүүлэг өгнө.


Харамсалтай нь, уулзаж учирсан хүмүүсийн мэдээллийг цахимаар хянах нь вирусийн тархалтыг огт зогсоож чадсангүй. Apple, Google хоёр сэрэмжлүүлэх функцийг ухаалаг утаснуудад тэр даруйд нь суулгасан боловч эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд тэдгээрийг ашиглах нь зүйтэй гэдэгт иргэдийг ятган үнэмшүүлж чадсангүй. Энэ удаагийн цар тахлаас авсан сургамж нь дараагийн цар тахалд бэлтгэхэд бидэнд хэрэгтэй төдийгүй эрүүл мэндийн салбарын бусад чиглэлд ч хамаатай.


Байршлыг хэт нарийвчлалтайгаар тодорхойлох


Бид бүгдээрээ байршил тогтоох GPS системийг өдөр бүр хэрэглэдэг бөгөөд үүний ачаар бидний амьдрал, ажил төрөл өөрчлөгдсөн билээ. Гэхдээ орчин үеийн GPS нь 5-10 м-ийн нарийвчлалтайгаар байршлыг тогтоодог бол хэт нарийвчлалтай байршил тогтоох шинэ технологийн ачаар хэдхэн см, тэр ч бүү хэл хэдхэн мм-ийн хүрээнд нарийвчлах боломжтой болно. Энэ нь шинэ боломжуудыг нээж байна. Тухайлбал, хөрсний нуралтаас сэргийлэх анхааруулга өгөхөөс эхлээд хүргэлтийн роботууд, жолоочгүй автомашиныг удирдах гэх мэт олон талбарт хэрэгтэй.


Хятадын “Бэйдоу” гэдэг дэлхийг хамарсан навигацын системийг 2020 оны 6 дугаар сард ашиглалтанд оруулсан нь энэ чиглэлд шинэ боломжуудыг нээж өгч байна. Уг системийн нарийвчлал нь 1,5-2 м бөгөөд газар дээрх дифференциаль тохируулгын системийг ашигласнаар уг үзүүлэлтийг мм-ийн нарийвчлалтай болгох боломжтой. Үүний сацуу 1990-ээд оны эхэн үеэс хойш ажиллаж буй GPS систем ч шинэчлэгдэж байна. 11 дүгээр сард GPS III системд зориулан 4 хиймэл дагуулыг хөөргөх бол 2023 онд үүнээс илүү олон хиймэл дагуул тойрог замд орно. ашиглалтанд оруулсан нь энэ чиглэлд шинэ боломжуудыг нээж өгч байна. Уг системийн нарийвчлал нь 1,5-2 м бөгөөд газар дээрх дифференциаль тохируулгын системийг ашигласнаар уг үзүүлэлтийг мм-ийн нарийвчлалтай болгох боломжтой. Үүний сацуу 1990-ээд оны эхэн үеэс хойш ажиллаж буй GPS систем ч шинэчлэгдэж байна. 11 дүгээр сард GPS III системд зориулан 4 хиймэл дагуулыг хөөргөх бол 2023 онд үүнээс илүү олон хиймэл дагуул тойрог замд орно.






Бүхнийг зайнаас

 

Цар тахлын улмаас дэлхий даяараа зайнаас ажиллах горимд шилжлээ. Ийм шилжилт хийгдсэнээр эрүүл мэнд ба боловсролын салбарт алдаа гаргахгүй байх нь нэн чухал. Өнөөдрийн байдлаар, зайны сургалтаар дагнасан Snapask компани Азийн 9 улсад 3,5 сая хэрэглэгчтэй болсон бол Энэтхэгийн  Byju's гэдэг сургалтын аппликейшнийг 70 сая хүн ашиглаж байна.


Түүнээс гадна, теле анагаах ухааны салбарт гарсан ололт амжилтуудын ачаар Уганда болон Африкийн зарим улсад цар тахлын үеэр эмнэлгийн яаралтай тусламжийг олон сая хүн авч чадлаа. Эмч нар асар их дутагдалтай газар оронд зайнаас оношлох, анагаах үйлчилгээ /теле-медицин/нь олон хүний амийг аварч байна.


Олон үйлдэлт хиймэл оюун ухаан 


   Хэдийгээр сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны /ХОУ/ салбарт асар их дэвшил гарсан боловч ХОУ ба роботууд “тэнэгдүү” хэвээрээ л байна. Ялангуяа шинээр үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, танихгүй орон зайд чиг баримжаагаа олох зэрэг дээр. Бүр бяцхан хүүхдэд байдаг тэр чадварууд ч тэдгээрт алга. Дэлхий ертөнц хэрхэн бий болсныг тэд мэдэхгүй ба олж авсан ерөнхий мэдлэгээ шинэ нөхцөл байдалд ашиглаж чадахгүй байна.  


Харин ХОУ-ыг боловсронгуй болгоход чиглэсэн, найдвар төрүүлж буй алхмуудын нэг бол түүний мэдрэмжийг сайжруулах явдал юм. Яг одоогийн байдлаар компьютерийн хараа, дуу авиаг таних систем бүхий ХОУ нь эд юмсыг тэмтэрч мэдэрч чадаж байгаа боловч юуг харж, сонсож байгаагаа хүний хэлний алгоритм ашиглаад илэрхийлж чадахгүй байгаа юм.



Тэгэхээр хэрвээ энэ бүх чадварыг ХОУ-ны нэгдсэн системд нэгтгээд оруулбал яах бол? Хүнтэй ижил оюуны чадавхитай болж чадах болов уу? Илүү уян хатан хиймэл оюун ухааны ачаар харж, мэдэрч, сонсож, харилцан ярилцаж чаддаг роботууд хүмүүсийн илүү сайн туслагч болж чадах болов уу?


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.technologyreview.com/2021/02/24/1014369/10-breakthrough-technologies-2021/

https://inosmi.ru/science/20210228/249227924.html


 [U1]т

Холбоотой мэдээ