Ерөнхий боловсролын 4 сургууль, 11 цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-22 16:09:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд “Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт 85 хувьтай гарчээ.

Тус газраас Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дөрвөн сургууль, сургуулийн өмнөх  боловсролын 11 цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын түр журам батлах тухай тушаал, БШУ-ны сайдын тушаалын хэрэгжилтэд МХЕГ-ын дэд даргын Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай удирдамжийн дагуу зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар 15 цэгээс 17 усны дээж, 4 цэгээс халдваргүйтгэлийн 6 бодисын дээж авч шинжилгээнд хамруулсан байна. Шалгалтаар голлон илэрч байгаа дутагдал нь, сурагчдыг суудал солихгүйгээр хуваарилж суулгаагүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг дамжин хэрэглэхгүй байх нөхцөлийг бүрдүүлээгүй, хичээллэх танхимд орох гарах, хөдөлгөөний чиглэл зураглал  гаргаагүй зэрэг зөрчил гарсан байна. Мөн багш,  ажилтан  хүүхдийн  гар угаах  нөхцөлийг бүрдүүлж,  шингэн саван,  гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байршуулаагүй зэрэг дутагдлыг илрүүлэн газар дээр нь арилгуулжээ.

Зарим дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан зөвлөмж, албан шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ