Хаврын эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-03-23 12:48:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын  2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу отрын бүс нутаг, малын  бэлчээрийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор  чөлөөлөх ёстой гэсэн мэдээллийг УИХ-ын чуулганы мэдээллийн цаг дээр ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан хийжээ.


Энэ сарын 15-ны өдрийн байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая  толгой мал  бусад аймаг /Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ/-ийн нутагт оторложээ. Малчдын хувьд зудтай, цаг хүндэрсэн жилүүдэд улс, аймгийн отрын бүс нутгаас гадна Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурваст өвөлждөг. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 2020-2021 оны өвөл болон өнөөдрийг хүртэл 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа юм байна. Эдгээр малчин өрхүүд өвлийн отрын бүс нутгийг орхиж өөрийн нутаг хаваржаагаа бараадна. Отрын бүс нутгийн  бэлчээр чөлөөлөх  нь ирэх өвлийн бэлтгэл гэж ойлгож болно. Дээрх бүс нутгийн бэлчээрийг хугацаанд нь чөлөөлөх нь тухайн бүсийн ургамлын гарцыг нэмэх суурь нь болж өгнө.


Мал аж ахуйн хаврын бэлтгэл ажил үүгээр хязгаарлагдахгүй. Ургамлыг үлийн цагаан оготноос хамгаалах ажлыг 2021 оны 4-5 дугаар сард Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Булган аймгуудад төвлөрч хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай  албан даалгаврыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлжээ.


Мал, амьтны бүх төрлийн тэжээл импортлох чиглэлээр 65 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж, 2021 оны хавар мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай 120.0 орчим мянган тонн тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлжээ. Мөн нийт 30 гаруй мянган тонн мал, амьтны бүх төрлийн тэжээл импортолсон байна. Үүний үр дүнд  25 кг савлагаатай улаанбуудайн хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол 17965 төгрөг буюу 8 орчим хувиар буурчээ. Сэлэнгэ аймагт 1200, Дорнод аймагт 200, нийслэлд 300, нийт 1700 тонн өвсний (2021-3-19-ний байдлаарнөөц байгаа юм  байна.  


Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаврын эрсдэлийг бууруулах  нөхцөлийг бүрдүүлсэн байх юм. “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн  өртгийн албан татвараас  чөлөөлөх тухай” (УИХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04) хуулиар мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.


Хаврын бэлтгэл ажлын талаарх дээрх мэдээллээс гадна сайд З. Мэндсайхан өнгөрсөн өвлийг даван гарахад малчдад үзүүлсэн туслалцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тухайлбал, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэн малчдад өвс, малын тэжээл олгох ажлыг  зохион байгуулжээ. 


Дэлхийн банкны  санхүүжилтээр  хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5.0 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын нийт 45750 малчин өрх болон отор нүүдэл хийж буй малчин өрх бүрт 300,000 төгрөгийн малын хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тэжээл тээвэрлэлтийн ажил энэ сарын 12-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс Баянхонгор аймагт 68 хувь, Говь-Алтай аймагт 100 хувь,  Өмнөговь аймагт 100 хувь, Өвөрхангай аймагт 54 хувь, Дундговь аймагт 92 хувийн гүйцэтгэлтэй яваа аж. 


Мөн энэ сарын 13-15-ны өдрүүдэд салхи ихэнх нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32-40 метр хүрч, шороон болон цасан шуурга 01-10 цагийн хугацаатайгаар шуурч цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл болсон. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд нийт 706 хүн төөрч, сураггүй болсон ба үүнээс 696 хүнийг эсэн мэнд олсон, Архангай аймагт 1 хүүхэд, Дундговь аймагт 9 хүн (үүнээс хүүхэд 1), нийт 10 хүн нас барсан. Хүчтэй салхи шуурганы улмаас 3 дугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 дугаар агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийж, дээрх 3 аймгийн онцгой хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан. Унасан тулгуур баганыг босгох ажлыг "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, "Увс ЦТСүлжээ" ХХК-ийн 68 инженер техникийн ажилтан, 13 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж, 3 дугаар сарын 16-ны өдрийн 02:13 цагт сэргээн босгож цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт хэвийн горимд шилжсэн. Урьдчилсан байдлаар 140 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Нийт 16 аймгийн 154 суманд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарсан байна гэдгийг салбарын сайд дурджээ.


Энэ хаврын тухайд, ирэх сар, өдрүүдийн цаг агаарын талаар “Зүүн болон говийн аймгуудаар 4-5 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна. Харин бусад нутгаар олон жилийн дунд (ОЖД)-жийн орчим байх төлөвтэй байгаа аж.  Хангайн нуруу болон Их нууруудын хотгороор цас бороо(хур тунадасны хувьд ОЖД-аас бага, төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар 5 дугаар сард ОЖД-аас ахиу, төлөвтэй байна. бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бололтой. Мөн 4 дүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15 м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурч болзошгүй. Харин  5 болон 6 дугаар сарын эхээр хуурайшил ихтэй байх төлөвтэй байгаа” гэжээ. Ийм учраас  аймаг тус бүрт болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах хэрэгтэй гэж сануулжээ.


УИХ-ын чуулганы мэдээллийн цаг дээр ХХААХҮ-ийн сайд  З. Мэндсайханы хийсэн мэдээллээс мал аж ахуйн  хатуу хаврын  эрсдэлийг буруулах тухайд  Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танд хүргэж  байна.

Холбоотой мэдээ