"Эпиваккорона" вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь туршилтаар батлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-25 16:57:13

МОСКВА. /TASS/. "Эпиваккорона” коронавирусний вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан дархлаа тогтоох чадвартай, аюулгүй бүтээгдэхүүн юм гэж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын цахим хуудаст мэдээлжээ.


Вакцины эмнэлзүйн туршилтын дүнг Оросын “Халдвар ба дархлаа” сэтгүүл 3 дугаар сарын 24-нд нийтэлсэн байна. 


“Туршилтыг хоёр үе шаттайгаар явуулсан. Нэгдүгээр үе шат нь 18-30 насны 14 хүнийг сайн дурын үндсэн дээр оролцуулсан вакцины аюулгүй байдал, реактив чанар, дархлааны идэвхийн нээлттэй судалгаа байсан бол хоёрдугаар үе шат энгийн, харьцуулсан, санамсаргүй, плацебо-хяналтын туршилт байсан. Энэ шатны туршилтад 18-60 насны сайн дурын 86 хүн оролцсон” хэмээн мэдэгдэлд дурдав. 


Түүнчлэн сайн дурынханд вакцины хоёр тунг хийсний дараа бүгдэд нь эсрэг биет үүссэнийг мэдэгдэлд цохон дурджээ.


"ЭпиВакКорона" бол "Спутник V" вакцины дараа бүртгэсэн ОХУ-ын коронавирусний хоёр дахь вакцин юм. Новосибирскийн шинжлэх ухааны "Вектор" төвд гарган авсан уг вакциныг өнгөрсөн оны 10 дугаар сарын 14-нд бүртгэжээ. Үүнээс нэг сарын дараа судлаачид бүртгэлийн дараах судалгааг хүмүүст тэр дундаа настай хүмүүст явуулах зөвшөөрлийг авсан байна. 


Уг вакцин нь амьд вирус агуулаагүй бөгөөд зохиомлоор нийлэгжүүлсэн уургийн /пептид/ тусламжтайгаар дархлаа үүсгэдэг байна.  Пептид вакциныг шинэ технологиор  үйлдвэрлэж буй хэдий ч иймэрхүү вакцинууд нь харьцангуй аюулгүй, гаж нөлөө бараг илэрдэггүй. Иймээс өндөр настай хүмүүст пептид вакцин илүү тохиромжтой аж. 

Холбоотой мэдээ