Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 51 бүтээлд патент олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-29 14:37:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 67 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 4,3 хувиар багасжээ.


Иргэн, хуулийн этгээдээс оны эхний 2 сард ирүүлсэн 51 бүтээлд патент олгосны 21 нь шинэ бүтээлийнх, 30 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ бүтээлийн патент 4 (16,0 хувь)-өөр багасаж, бүтээгдэхүүний загварын патент 7 (30,4 хувь)-гоор нэмэгджээ. Харин өмнөх сарынхаас шинэ бүтээлийн патент 3 (33,3 хувь)-аар, бүтээгдэхүүний загварын патент 10 (2,0 дахин)-аар нэмэгдсэнийг Оюуны өмчийн газраас мэдээлэв.


Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 12 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 10 нь хими, төмөрлөг, 6 нь физик, 3 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 6 нь бусад ангилалд хамаарч байлаа.


Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2021 оны эхний 2 сард 41 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 9 (18,0 хувь)-өөр багасав. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 24 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16 (40,0 хувь)-гаар цөөрчээ.


Улсын хэмжээнд 2021 оны эхний 2 сард барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 766 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргав. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 331 (43,2 хувь) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг аж.


Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 580 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 129 (18,2 хувь)- өөр багасаж, 327 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзжээ. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар энэ оны эхний 2 сард 152 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 47 (23,6 хувь)-гоор багасжээ. 

Холбоотой мэдээ