Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн долоон га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” ХХК нь 108 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.
Тус компани гэр
хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 12 блок 640 айлын орон сууц,
оффис үйлчилгээний барилга, 200 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, 300 метр
авто зам, инженерийн шугам сүлжээ бүхий ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан
цогцолбор орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн, 2015 онд 65
нэгжийн газрыг чөлөөлөн, 2017 онд 60 айлын, 2018 онд 60
айлын нэг блок, нийт 120 айлын орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулжээ.
Энэ онд
шинээр 60 айлын орон сууцны барилгын
ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр 60-100 айлын орон сууц ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж.