Б.Хурц нарын хүмүүст 1-2 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-01 03:14:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.03.31/ болж Б.Хурц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, эрүү шүүлт тулгасан гэм буруутай этгээдүүдэд 1-2 жилийн хорих ял оноов.


Хуралдаанаар, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оноов.  Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад нэг жил зургаан сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих ял оногдуулсан байна. Харин О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг дөрвөн сая 140 мянган төгрөгөөр тогтоов.


Мөн О.Бархасбадид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол С.Эрдэнэбатыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэв. 


Ташрамд дурдахад, С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан хэргээр тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татсан юм. Тэднийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн, Эрүү шүүлт тулгасан үндэслэлээр хэрэгт холбоод байсан. Харин Улсын дээд шүүхийн өнөөдрийн тогтоолд хэргийн дээрх зүйлчлэлийг өөрчилж ял оноожээ.  


Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 23-нд Төв аймгийн сум дундын шүүхэд болсон бөгөөд дээрх этгээдүүдэд 1-3 жилийн хорих ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлээд байсан юм.


Өнөөдрийг хүртэл тус хэрэг эцэслэн шийдэгдэхгүй байсан тул Монгол Улсын Засгийн газар хэргийн зарим материалыг нууцаас гаргаж олон нийтийн анхаарлыг төвлөрүүлсэн юм. 


2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: 

Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ