Японы хүн амын нэг хүрэхгүй хувь нь вакцинд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-02 11:58:18

ТОКИО. /TASS/. Японд коронавирусний вакцин хийлгэсэн хүний тоо хүн амын нэг хувиас бага хэвээр байна гэж “Nikkei” сонин тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны статистик мэдээллийг эш татан мэдээлэв.


Японд гуравдугаар сарын дунд үеэс хойш өдөрт 50-70 мянган хүн вакцин хийлгэж байгаа бол АНУ-д өдөрт 3 сая орчим хүн вакцинд хамрагдаж байна гэж тус сонин мэдээлжээ.


Одоогийн байдлаар Японд 4.8 сая эмнэлгийн ажилчид эхний ээлжид вакцин хийлгэж байгаа бөгөөд дөнгөж тавдугаар сард дуусах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тус улсын эрх баригчид дөрөвдүгээр сарын 12-ноос 65-аас дээш насны 36 сая орчим иргэнээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа бол бусад хүн амыг тавдугаар сараас вакцинд хамруулах аж. 


Гуравдугаар сарын 31-ний байдлаар Японд 1.3 сая орчим хүн вакцин хийлгэжээ. Үүнээс ердөө 125 мянга нь хоёр тунг хоёуланг нь тариулсан байна. 


Японы эрх баригчид "Pfizer-BioNTech"-ийн коронавирусний вакциныг эх орондоо хэрэглэх зөвшөөрлийг хоёрдугаар сард олгосон юм. Одоогоор мөн Их Британи-Шведийн "AstraZeneca" болон Америкийн "Moderna" компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ. 



Холбоотой мэдээ