Хомын талын цагаан зээрийн сонирхолтой түүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-02 17:40:10
Л.Лхагвасүрэн: Янзаганууд сүү хөхөх завсар идэвхтэй байхдаа хийдэг ажлын нэг нь таарын утас зулгаах, бөөнтсөн тохиолдлууд бас байдаг.

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын тал нь Пржевальскийн адууг сэргээн нутагшуулснаас гадна цагаан зээр сэлгэн нутагшуулсан газар юм гэж "Хомын талын тахь" ТББ-ын ажилтан хуваалцлаа.

-“1950-аад онд Улаанбаатар - Замын Үүдийг холбосон төмөр зам барьснаар Монгол орны цагаан зээрийн тархац нутаг хоёр хуваагдаж, баруун бүс рүү чиглэсэн нүүдэл нь зогссон билээ. Харин 1988-1990 онд Биологийн хүрээлэн, Анчдын нийгэмлэг хамтран Дорнод Монголоос цагаан зээрийн 600 гаруй янзагыг Хомын тал руу тээвэрлэн нутагшуулсан нь үнэлж баршгүй, гайхалтай, буянтай ажил байжээ. Эдүгээ Хомын тал орчмын цагаан зээрийн тоо толгой тогтворжиж, 1000 гаруйд хүрээд зогсохгүй Хангайн нурууны баруун хэсэгт хүрэн нүүдэллэж байна”.

Хомын тал нь Монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм. Баруун, хойд болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их элсэн манхнуудаар хашигдсан 2900 км2 талбай бүхий "байгалийн арал" юм.  

Хомын талд нийт 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэлтэй байна. Үүнд: Тахь (Equus ferus Przewalskii), Янгир (Capra sibirica), Хар сүүлт зээр (Gazella subgutturosa), Бөхөн (Saiga borealis), Цагаан зээр (Procapra gutturosa), Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes) зэрэг амьтад байна. Цоохор ирвэс (Panthera uncia) гүйдлээр тохиолддог.

Хомын талын арал мэт өвөрмөц тогтоц нь амьтдын хувьд аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтдын хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм. Жишээлбэл цагаан зээрийн тоо толгой, тархац нутаг нь эрс хумигдаж байсан 1980-аад онд 200 толгой цагаан зээрийг Монголын зүүн хэсгээс Хомын тал руу тээвэрлэн аваачсан нь амжилттай нутагшиж, тоо толгой нь нэмэгдэн, тархац нутаг нь тэлж, Их нууруудын хотгороос Хангайн нурууны баруун хэсэг хүрч байна. Үүнээс цагаан зээрийг анх Хомын талд сэргээн нутагшуулах ажлыг гардан зохион байгуулж байсан, эрдэмтний өгүүлсэн сонирхолтой түүхийг хуваалцъя.  

Хомын талын цагаан зээр,  Дорнын их цагаан зээрийн элч Баруун Монголын сүргийг сэргээн нутагшуулсан түүхийг өгүүлье.

-1988, 1989, 1990 онд Монголын анчдын нийгэмлэг, Шинжлэх ухааны академи, Биологийн хүрээлэн, орон нутгийн байгаль хамгаалах газрууд хамтран Дорнод аймгийн Матад сумын нутаг Жаран Тогооноос нийт 600 гаруй цагаан зээрийн янзагыг барин онгоц, машинаар тээвэрлэн Их Нууруудын хотгор, "Хомын тал"-д сэргээн нутагшуулсан байдаг. Бид өдөр нь шаргачин төллөж буй орчныг тогтоож, шөнө нь ирж хяран хэвтсэн зээрийн янзагуудыг гэрэл тусган нүдийг нь гялбуулан, урт уургын үзүүрт сачёк хийж гэнэдүүлэн дарж барьдаг байсан. Ингэж барих нь бага янзага үргэж зугтах нь бага, айж цочдоггүй сайн талтай байсан. Ингээд барьсан даруйдаа жижиг тааран уутанд хөлийг нь хумин, толгойг нь гарган хийж хөдөлгөөнийг хорьдог нь уг янзага болон ажил хийж буй хүмүүст аль алинд нь амар байсан гэж бодогдож байна. Барьсан янзагуудаа отог дээрээ 10-15 метрийн диаметртэй дотор нь хоёр хэсэг болгон хуваасан гурван дугуй хашаанд тэжээж байсан.

/Зургийн тайлбар: Ихэнхдээ ингэсгээд хэвтдэг байсан/

Янзагуудад тухайн үед хүүхдийн тэжээл өгдөг байсан, нэн ховор швейцар хуурай сүүг бүлээн усанд найруулан өдрийн дөрвөн удаа угжиж, яваандаа тоог цөөрүүлэн өвсөн тэжээлд ортол нь хянаж байсан.

Эхний жил ажилчдын гэр хэт ойрхон байснаас, зээрийг задгай хашаанд дасган гаргах үед гэрээр их эргэлддэг байсан бөгөөд үүний дараагийн жилүүдэд өөрчлөн, гэрийг 200 метрээс нэг км хүртэлх зайд холдуулсан. Дээр нь хашааны амыг гэрийн эсрэг холдуулж барьсан тул зээр сүүлдээ ирэхгүй хээрийн нөхцөлдөө дасан нутагшиж байсан юм. Тэр үед зээрийн зан авирын хувьд амархан дасдаг нь 0-1 хоногтой барьсан нь ховдог байсан. Бусдын аяыг дагагч нь 40 хувь орчим, зээрийнхээ сүргийн толгой, идэвхтэй нэгнийгээ дагах магадлалтай ч бас зэрлэг зангаараа зугтах зан авир хосолсон байлаа. Харин завсрын зан авиртай нь 20 хувь, бусдыг дагагсдаас хамаагүй бие даасан шинжтэйгээрээ онцлогтой байв. Гэтэл хэдэр нь 10-15 хувь, баригдахгүй гэмттэлээ зугтаах, сүүгээ хөхөхгүй амаа жимийх, хашаа тойрон шөргөөх, хүзүү, толгойгоо цус гартлаа бэртэх зэрэг зан гаргадаг байсан сан. Сүүлд “Хомын талд” хашааг нээн тавихад хамгийн түрүүнд гарч, хамгийн сүүлд туугдан ирдэг байж билээ.

Зургийн тайлбар: /Л.Лхагвасүрэн: Идэвхтэй янзагууд хашаанд ойртоход биднийг нүд нь хайрлаж, тосож харайлгадаг байлаа./

Цагаан зээрийн янзагууд сүүгээ хөхсөний дараа хэвтэж амарна. Зарим нэг нь босон харайж наадна. Янзагууд хашаанд байх хугацаандаа идэвх бага, ихэнхдээ хэвтэн, хаяа босож хашааны тор, өвс, нэгнийхээ чихийг хөхөж хөдөлгөөнд ордог. Хүйтэн бороотой үед бие биедээ наалдан хэвтэцгээдэг байсан сан.  Ер нь цагаан зээрийг болж өгвөл эхний хоног дотор нь барьж байвал дээр.  Бидний ажиглалтаар цагаан зээр хөл дээрээ тогттолоо 20 минут, босоод хөхтлөө 40 минут зарцуулж байсан юм. Цагаан зээр нь долоон сарын дундуур өвсөнд орж, тэжээлийн сүүг цөөрүүлэн бэлчээрт явах хугацааг ихэсгэсээр наймдугаар сарын дунд, есөн сарын эхнээс хашаанаасаа бүрэн гарч бэлчих. Байгальдаа дасан зохицсон зан авируудыг үзүүлдэг болсон байж билээ.

Миний бие хамгийн сүүлд Дэлхийн Байгаль хамгаалах сан, Ховд Их сургуулийн багш нартай долоон жилийн дараа хяналтын тооллого хийж байхад, сэргээн нутагшуулалтаас өмнө баруун Монголын цагаан зээрийн популяцид тухайн үедээ 450 гаруй үлдсэн гэж байсан бол 5000 хүрсэн. Цаашид биеэ даан авч явах хэмжээнд хүрсэн гэж дүгнэлт гарч байсан. Өнөөдөр Их Нууруудын хотгорт цагаан зээрийн тоо толгой тогтвортой болж тархац нутаг нь тэлсэн гэж сонсогддог.  Тухайн үед Дорнын тал зээрээр амьсгалж, хүнээсээ их зээртэй байсан үе бий. Биднийг ажиллаж байхад Хомын тал нь Дөргөн нуур, Тээлийн гол, Хар нуураар хүрээлэгдсэн элстэй малын диваажин байж билээ. Өнөөдөр энд тахь нутагшуулах төв болсон сурагтай. Энэ ажилд оролцсон хүнийг нэрлэвэл бэх хүрэхгүй, нэрлээгүй хүн орхивол гомдоод барахгүй болох биз ээ. Бидний дунд байхгүй байгаа нөхөд маань ч бас үүнд хамаарна. Сайн үйлс бүр дэлгэрч, Монголын маань баялаг байгаль бидний хойч ирээдүйд өсөн төлжих болтугай гэж сонирхолтой түүхийг эрдэмтэн Л.Лхагвасүрэн өөрийн нүүр номдоо хүүрнэснийг дамжуулан хүргэж байна хэмээн "Хомын талын тахь" ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Анударь ярив.


Зургийн тайлбар: /Л.Лхагвасүрэн: Нэгнийхээ чихийг бас хөхнө/

Зургийн тайлбар: /Л.Лхагвасүрэн: Ингээд Хомын талд цагаан зээр хөл тавьж Дорнын цагаан зээр маань баруун Монголын тодотголтой болж, нутгийн зээртэйгээ нэгдэн их сайхан хурдан өссөн байдаг/


Зургийн тайлбар: /Л.Лхагвасүрэн: Дорнодын Матадаас Оросын цэргийн "Гурван Дэрстэйн" хээрийн нисэх буудал руу ачигдахын өмнө/


Холбоотой мэдээ