Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлын талаар УИХ-ын гишүүн, Ажлын багийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, "Дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улс бэлтгэдэг. Манай ноолуурын салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 орчим ажилладаг. Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх хоёр, нэхэх дөрөв, ээрэх ес, нэхээсгүй эдлэлийн нэг, угаах 25, хялгас ялгах 23, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны нэг, эсгийлэх 120, нийт 257 үйлдвэр ажилладаг" хэмээв. Мөн ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон дээрх салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ноолуурын салбарт хөрөнгө оруулах санг бий болгох, эргэх хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатайг онцлов. Түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авах, эргэх хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулав.
Тогтоолын төсөл болон Ажлын багийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал нар асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрээр, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхтэй холбогдуулан ер нь цаашид чөлөөлөөд байх шаардлагатай юу гэдэг талаар, Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх зохицуулалтыг тодруулж, Ажлын багийн ахлагч болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм.
Дээрх асуултуудад Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал “10 их наяд хөтөлбөр”-ийн хүрээнд яригдаж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх зориулалтаар яригдаж байгаа учир үйлдвэрлэгчид таатай хандаж буй тухай хариулсан бол Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн зээлийг ченжүүдэд өгөхгүй, зөвхөн боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно гэж хариуллаа. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.
Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжив.