Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг Дорнодод албадан тусгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-11 14:07:30

Дорнод /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг Дорнодод албадан тусгаарлалаа. Тодруулбал, Монгол Улсын тод манлай уяач, хөдөлмөрийн баатар Д.Даваахүү өнгөрсөн шөнө хулгайн замаар Хөлөнбуйр суманд орж иржээ.

Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан, PCR шинжилгээ авч хариуг хүлээж байгаа аж. Иргэн Д.Даваахүү нь Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд Хөлөнбуйр суманд нэлээд олон хүнтэй харилцсан байж болзошгүй тул сумын хэмжээнд тэг зогсолт хийгээд байна.

Халдварт өвчний үед аймаг, нийслэл дамжин хулгайн замаар зорчиж байгаа иргэд их байгааг албаны хүн хэлэв. Тухайлбал, А.Сүхбат аварга хулгайн замаар Халх гол суманд очсоныг албадан тусгаарлаж, торгууль ногдуулсан, Хөлөнбуйр хяналтын цэгээс албадан буцаасаар байтал хэсэг хүмүүс маршрутын бус замаар тойрч байгаад албадан тусгаарлагдаж, баривчлах шийтгэл хүлээсэн, Өмнөговь аймгийн харьяат иргэн А мөн хулгайн замаар зорчиж, Дорнодын гурван ч сумын айл өрхүүдээр орж харилцаа үүсгэсэн байна. Азаар шинжилгээ нь сөрөг гарсан, энэ үйлдэлд нь баривчлах шийтгэл хүлээсэн зэргийг дурдаж болох юм. 

Холбоотой мэдээ