Хулгайн замаар зорчсон иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-13 12:16:13
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн шуурхай штаб цахимаар хуралдаж, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллахаар боллоо.
Тодруулбал, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тагнуулын хэлтсийн ажилтан, албан хаагчдаас бүрдсэн баг өчигдөр Чингис хотоос хөдөлсөн байна. Шуурхай баг Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны халдварын нөхцөл байдалд тандалт судалгаа хийх, тусгаарлах байрны бэлтгэл, бэлэн байдлыг ханган газар дээр нь ажиллах юм.
Дэлгэрхаан сумаас шаардлагатай эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн нөөц хүссэнийг аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр боллоо.
Үүссэн нөхцөл байдлыг тодруулбал, Хэрлэнбаян-Улаан тосгонд отроор өвөлжиж байсан иргэн Багануур дүүргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх явцдаа коронавирусний халдвар авч, буцаад гэр лүүгээ зорчихдоо PCR шинжилгээ өгөлгүй, Хэрлэн гүүрний урдуур баталгаат бус /хулгайн/ замаар зорчсоноос үүдэж, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд гурван тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тус тосгоны ойрын хавьтал 67, дам хавьтал 370 хүн гэж тогтоосныг захирагчийн ажлын албанаас өнөөдөр мэдэгдээд байна.
Дэлүүн болдог буюу Хэрлэн гүүрний урд мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн Хэнтий аймаг руу нэвтрэх хяналтын нэгдсэн цэг /пост/ байрласан бөгөөд Хэрлэн гүүрнээс тус хяналтын цэг хүртэл тор татаад байгаа юм. Гэвч гол руугаа шахаж тор тойрч хулгайгаар нэвтэрсэн нь Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэж хууль хяналтын байгууллагаас үзэж байна. Зөрчлийг хянан шалгах шатандаа явж байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд иргэд та бүхнийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас анхааруулж байна.
Хэнтий аймагт сүүлийн 24 цагт нэмэгдэж тохиолдол бүртгэгдээгүй байна.
Холбоотой мэдээ