В.Путин сансрын анхны нисэгчийн газардсан газарт очно

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-12 10:49:26

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сансрын нисэгчдийн өдрөөр Саратов мужийн Энгельс хотод Юрий Гагарины газардсан газарт очно гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн сансрын салбарыг хөгжүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулна. 


"Ерөнхийлөгч Энгельс рүү нисэж, Ю.Гагарины газардсан газарт зочилно. Энэ газарт тийм даруухан музей-цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор бий. В.Путин мөн Оросын сансрын үйл ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцэх тусдаа уулзалт хийнэ" гэж Д.Песков мэдээлжээ. Түүний хэлснээр, уулзалтыг видео хурал хэлбэрээр зохион байгуулна.


1961 оны энэ өдөр сансарт анх удаа хүн ниссэн билээ. ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болсон бөгөөд тэрбээр “Восток 1” сансрын хөлгөөр дэлхийг нэг тойрсныхоо дараа Саратов мужид эсэн мэнд газарджээ. Сансрын анхны нисэгчийн газардсан энэхүү түүхэн газарт Сансар огторгуйг эзэмшигчдийн цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр албан ёсоор нээнэ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг сансарт хүн ниссэний олон улсын баяр болгон зарлажээ.   Мөн энэ өдөр ОХУ-д сансрын нисэгчдийн өдөр тэмдэглэдэг.



Холбоотой мэдээ