Хаврын шар усны үерээс сэргийлэх арга хэмжээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-12 12:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор, үерийн хамгаалалтын 35 барилга байгууламжид үзлэг хийж, хоёр байршилд шуурхай арга хэмжээ авчээ.


Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсэгт 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийв. Авто замын гүүрний хэсэгт 1000 кг давс, бодис цацан, 36-р байрны гарааш усанд автсан тул 2820 шоо метр усыг машинаар, 2220 шоо метр усыг насосоор соруулж, яаралтай арга хэмжээ авчээ.


Мөн, Сүхбаатар дүүргийн 18-р хороо Гүнжийн булаг орчмын уулын цас, мөс хайлж, шар усны үер айл өрх рүү халихаас сэргийлэн 0,8 метр гүн 1,2 метр өргөн 510 метр урт суваг татсаныг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Түүнчлэн, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын талбайн түр хашааг стандарт норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудын зөрчлийг арилгажээ. 

Холбоотой мэдээ