12 тэрбум төгрөгөөр Арвайхээр, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээг бүрэн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-12 18:05:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр, Хархорин сумын 10/0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил эхэлж байна. Уг ажлын зураг төслийг гаргасан “Жэй Ди Эй” ХХК, ажлын гүйцэтгэгч “Ричвелл инеженеринг” ХХК-ийн төлөөлөл болон ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын удирдлага, ажилтнууд бусад холбогдох албаныхантай аймгийн Засаг дарга А.Ишдорж уулзаж санал солилцлоо.

 

Уг ажлын хүрээнд 10 кВ-ын 1976 метр цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, зураг төсөлд багтсан айл өрхүүд, орон сууцанд нэг фазын 220В-ын 8106 ухаалаг тоолуурыг суурилуулах, 69 дэд станцын цахилгаан түгээх сүлжээг бүрэн шинэчилж, агаарын 4 дэд станц барих, хуучин орон сууцнуудын цахилгаан хангамжийг сайжруулах гэхчлэн Арвайхээр суманд 8 тэрбум, Хархорин суманд 4 тэрбум төгрөгийн ажил хийх юм.

 

Аймгийн Засаг дарга А.Ишдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Засгийн газраас өгч байгаа үүрэг чиглэл, аймаг орон нутгаас барьж байгаа бодлогын хувьд энэ ажлыг цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Та бүгд ажлын талбарт гарахдаа өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллаарай” хэмээн захиж, орон нутгаас боломжит бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 

Мөн нарийн мэргэжил шаардахгүй, туслах ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулах талаар санал хэлж, энэ дагуу тус ажлын хэсгээс аймгийн ХХҮГ-т ажлын байрны захиалга өгөөд байна.

Холбоотой мэдээ