Олимпын бамбарын буухиаг Осакад үзэгчгүйгээр эхлүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 13:30:24

ТОКИО. /TASS/. Олимпын бамбарын буухиа хүн ам шигүү суурьшсан Осака мужид үзэгчгүйгээр эхэлжээ.

Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэхвий хэмээн болгоомжилсон орон нутгийн эрх баригчдын хүсэлтээр бамбарын буухиа ийнхүү түүхэндээ анх удаа цомхтгосон хэлбэрээр явагдаж байна гэж Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.

Осакад хоёр хоног үргэлжлэх бамбарын буухиа орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана. Үйл ажиллагаанд Осакад оршин суудаг Японы алдартай жүжигчид, тамирчид оролцох бөгөөд оролцогч бүр 4-өөс илүүгүй хүнтэй хамт байх боломжтой аж.

Осака мужийн эрх баригчдын хүсэлтээр Японы Засгийн газар өмнө нь коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгасан дэглэм тогтоожээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид 19 сая гаруй хүн амтай мужийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, хүн бөөгнөрсөн газруудаар явахаас зайлсхийхийг уриалсан байна. 

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал 3 дугаар сарын 25-нд Фүкүшима мужийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -гаас эхэлсэн. Японы бүх 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд Олимпын цэнгэлдэхэд морилох Олимпын галт бамбарыг 10 мянга гаруй хүн буухиалах юм.


Холбоотой мэдээ