Ардчилсан намын дарга З.Энхболд Дорнод аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төв Чойбалсан хотноо Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Р. Амаржаргал, их аварга Д.Дагвадорж нар УИХ-ын 14,15-р тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Б.Мөнхцэцэг нарыг дэмжин ирж ард иргэдтэй уулзалт хийлээ.
АН-ын дарга З.Энхболд намынхаа мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн танилцуулж хэлсэн үгэндээ, "АН-2020" хөтөлбөрөө найман жилээр боловсруулсан. Одоо дөрвөн жилийн ажил бидэнд үлдээд байна. Хэдийгээр Монгол Улсын гол орлого болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж эдийн засгийн хүндхэн үед бид засаг барьсан хэдий ч хийж хэрэгжүүлсэн ажлууд олон бий. Энэ дөрвөн жил бид МАН, ИЗЗНН, МАХН, бие даагчидтай бүгдтэй нь хамтран ажилласан. Цалингаа тавьж чадахгүй хэмжээнд нэг ч удаа очоогүй яваа. Манай Засгийн газар үйлдвэржүүлэлтийг анхааралдаа авч 1600 гаруй жижиг, том үйлдвэрүүдийг байгуулсан. Сүүлийн 80 жилд тавигдаагүй замыг бид хийж чадсан. Цаашид биднийг дараагийн 4 жил хийх ажлууд минь хүлээж байна. Энэ хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна гэж онцолсон юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "АН-ын энэ сонгуулийн мөрийн хөтөлбөр илүү их "мөлжүүртэй" сайн хөтөлбөр болсон. Иймээс эхэлсэн ажлаа гүйцээхийн тулд бид олонх болох ёстой. Дорнодчууд минь Б.Мөнхцэцэг, М.Зоригт нарыг дэмжээд гаргаад өгөөрэй би та нартаа аминчлан захиж байна" гэсэн юм. Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, Дорнод аймагт зах зээлийн өргөн их боломж байна. Хөрш орны зах зээлд хэрэгцээтэй зүйлийг нь нийлүүлж эдийн засгаа чадавхижуулах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаагаа ярилаа.
Аварга мөн цааш нь "Би Дорнодод олон удаа ирж байна. Ирэх бүрт минь аварга Халхголын газрыг япончудад зарах гэж байна гэсэн яриа гардаг. Тийм зүйл байхгүй ээ. Энэ бүгд худал яриа юм" хэмээн цуу үгэнд няцаалт өглөө.
Б.Туяа